ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр монгол улсад гарсан халдварын тоо, нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандал судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрээр, наймдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын лаборатори болон Дархан-уул аймгийн салбар лабораторид нийт 504 хүний шинжилгээг хийхэд халдвар илэрсэн тохиолдол гараагүй. Үүнд,
-Долдугаар сарын 27-нд Франкфуртийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ
-Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 Оюутолгойн ажилчид
-Мөн Дархан, УБ-ын тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилчид болох 32 хүний шинжилгээ
-Эдгэсэний дараах сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ
-Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 11 хүний давтан шинжилгээ
-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочид хийсэн шинжилгээ
-Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ
-Сэлэнгэ, Дорноговь аймгуудад тус тус тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнүүд хийгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар МУ-д нийт бүртгэгдсэн тохиолдол 293 байгаагаас 263 хүн эдгэсэн. Тус 263 хүний 44 нь сувилалд, 26 хүн гэрт, 193 хүний тусгаарлах, ажиглах хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар эмчлэгдэж, тандалтанд байгаа 52 хүн байна. Мөн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Тандалт, шинжилгээний ажил хэвийн үргэлжилж байна.