ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа манай улсын халдварын талаарх нөхцөл байдал, иргэдээс шинжилгээнийхээ талаарх мэдээллийг танилцууллаа. Тэрээр "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийсэн. Бүгд коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,
- -Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
- -Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүний давтан шинжилгээ
- -Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ
- -ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээ
- -Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
- -Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
- -Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ.
Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ. Өнөөдөр 16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тэдний 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долдугаар сарын 6-н болон 15-нд эх орондоо ирсэн иргэд байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрээд байна. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.