Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд танилцуулж, саналыг нь сонсохтой холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа түр завсарласан.
Хуваарийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, АН-ын зөвлөл, Байнгын хороо хуралдах товтой байсан ч хойшлогджээ.
Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, дүгнэлтийг нэгтгэх ажлын хэсгүүд Бямба гариг хүртэл хуралдсаны дараа буюу ирэх долоо хоногийн дундуур байнгын хороо, чуулган хуралдана гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдэгдлээ.
Одоогоор гишүүд 28 мянга орчим иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Төслийн талаар танилцуулах ажилд УИХ-ын ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж буй юм.