Коронавирусний цар тахлын нөхцөлд аюулгүй байдлыг хангах зорилгоор ирэх онд Токио хотод болох олимпын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах хувилбарыг авч хэлэлцэж байна хэмээн Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ.
“Бид олимпын наадмыг янз бүрийн хувилбараар зохион байгуулахад бэлдэх хэрэгтэй. Олимпын наадам үзэгчгүйгээр зохион байгуулагдахыг хэн ч хүсэхгүй. Гэсэн ч наадмыг аюулгүй орчинд явуулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэж Бах хэлжээ.
Түүнчлэн томоохон тэмцээнүүд хэзээ эхлэх, ямар үед бэлтгэл нь бүрэн хангагдсан байх шаардлагатайг тамирчид мэдэхгүй байгаа учир цар тахлын нөхцөлд тамирчдын бэлтгэлтэй холбоотой нөхцөл байдал маш ноцтой байгааг Томас Бах мэдэгджээ. Үүнээс гадна коронавирусний нөхцөл байдлын улмаас хил хаалттай байгаа болон хөл хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Бах цохон тэмдэглэжээ.
Олимпын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэж магадгүй байгааг “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори мөн үгүйсгээгүй юм. Бусад боломжтой хувилбаруудаас зөвхөн үзэгчгүйгээр зохион байгуулах хувилбар үлдвэл наадмыг ийм байдлаар зохион байгуулах аж.
Токиогийн олимпын наадам 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ний хооронд болох ёстой байсан юм. Гэсэн ч коронавирусний цар тахлын улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулж, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Ингэхдээ олимпын наадмын “Токио-2020” нэрийг хэвээр авч үлдэхээр болсон юм.
Эх сурвалж: Montsame.mn