Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон тул тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс эмнэлгийн Захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Шаардлага хангасан, сонирхсон иргэнийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьсан байна.
Нэг. Тавигдах шаардлага
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна:
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;
- Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
- Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
- Эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан;
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;
- Улс төрийн намын гишүүн бус;
- Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;
- Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй.
Хоёр. Сонгон шалгаруулалтанд оролцоход бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн доор дурдсан материалыг бүрдүүлж өгнө:
- Төрийн албан хаагчийн анкет (төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааг илэрхийлсэн өргөдөл (Эрүүл мэндийн Сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтын дагуу);
- Мэргэжлийн мэдлэг, ур чадварын чадавхыг илэрхийлсэн хоёр хүний тодорхойлолт;
- 4x3 хэмжээтэй хоёр хувь цээж зураг;
- Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг /боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт/;
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;
- Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;
- Англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг ‘TOEIC’ олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт, эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан дипломын хуулбар, эх хувийн хамт, эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
- Эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн эмнэлгийг бие даан хөгжүүлэхийн тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого, төлөвлөлт, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, хэрхэн үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг мэдээллийг тусгана/;
- Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлсэн баримт бичиг, эсхүл тодорхойлолт (эсхүл эдгээрийг нотлон илэрхийлсэн өөрийн гарын үсэг бүхий баталгаа).
Жич: Эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа буцаан өгнө.
Гурав. Сонгон шалгаруулалт явуулах газрын хаяг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл
Хаяг: Улаанбаатар хот 210648, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн байр.
Дөрөв: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа.
Материалыг цаасан хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн материалыг болон материалын жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж өөрийн гарын үсэг зурсан товъёогийг дугтуйнд хамт хийж битүүмжлэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагаас өмнө доор дурдсан ажилтанд дараах хаягаар хүлээлгэн өгч бүртгүүлнэ:
Хаяг: Улаанбаатар хот 210648, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж-2, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Б блок 5 давхар.
Эх сурвалж: УНТЭ