Бага байхаасаа хөлбөмбөгийн спортыг шимтэн сонирхож, чамгүй амжилттай яваа Нийслэлийн 107-р сургуулийн сурагч Батболдын Очирваань хүүгийн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, тэрээр 2013 онд Баянгол багт амжилттай тоглож байсан ч олон улсад гарч тоглохыг мөрөөддөг байсан тул АНУ-ын нэгэн агент фейсбүүкээр холбогдсоны дагуу тодорхой мөнгө төлөн, гэрээ байгуулахаар болсон байна. Тэд АНУ-ын томоохон баг болох Лос Анжелес, Галакси багтай хамтарч ажиллах санал тавиад, 6 мянган доллар (дараа нь 3,800 фунт) төлөхийг хүүгээс шаарджээ. Гэвч хашаа, байшингаа заран байж байгуулсан гэрээ нь хуурамч байсан нь удалгүй тогтоогдсон байна. Учир нь гэрээ байгуулагч тал мөнгө аваад, хариу өгөлгүй алга болсон юм.
Ингээд Монголын "Манчестер Юнайтед дэмжигчдийн клуб”-ын тусламжтайгаар Лондонгийн үдшийн мэдээгээр энэ явдлыг хөндөж, “TalkSport”-ийн Хоксби, Жейкобс нарын шоу нэвтрүүлэгт энэ асуудлыг мэдээлсэн аж.
Хүү энэ талаар ярихдаа "Манай гэр бүлийн санхүүгийн асуудал удалгүй шийдэгдсэн ч энэ хэргийн дараа миний бүх итгэл үнэмшил алга болсон. Гэхдээ олон хүмүүс тусалж, хөрөнгө босгосны дараа миний итгэл бага ч болов сэргэж, тайвширсан” гэжээ. Одоо Б.Очироо Монгол улсын шилдэг хөлбөмбөгийн багуудын нэг “UB city”-д тоглодог бөгөөд өнгөрсөн онд Монгол Улсын аварга багаар шалгарчээ. Тэд коронавирус тахлын халдварын нөхцөл байдал сайжирвал Азийн “AFC” цомын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна" гэж мэдээлжээ.