Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны ээлжит мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр "Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 14.4 сая хүн өвчилж, 608 мянган хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Манай улсын хувьд өчигдөр 24 хүн ажиглалтад шинээр орж, 1 хүн ажиглах байраас гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар 2784 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Үүнд, 1-5 насны 95 хүүхэд, 108 жирэмсэн эмэгтэй, 327 архаг хууч өвчтэй хүн ажиглах байранд байгаа. Үүргийн онгоцоор ирсэн иргэдээс Цэргийн төв эмнэлэгт 52 хүн эмчлэгдэж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 4 хүний биеийн байдал хүнд байна” хэмээн мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги Мандалын боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" гэв.