М.Зоригт: Лабораторийн хүчин чадал муу байгаагаас иргэд тусгаарлах байранд сар болж байна

М.Зоригт: Лабораторийн хүчин чадал муу байгаагаас иргэд тусгаарлах байранд сар болж байна

Өнгөрсөн хугацаанд манай улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс хэрхэн ажилласан талаар ард түмэн шүүн тунгааж, талцаж хэрэлдээд багагүй хугацаа өнгөрсөн. Гадаадад байгаа иргэдийн хувьд ч эх орондоо ирэх гэж хичээсээр хэдийн хагас жил өнгөрчээ. Энэ удаад бид “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан, Москвагаас эх орондоо ирэн тусгаарлагдаад удаагүй байгаа МУ-ын иргэн М.Зоригттой  холбогдож ярилцлаа. Тэрээр сүүлийн үед өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЭМЯ, УОК-ын үйл ажиллагааг шүүмжлээд буй юм.

-МАНАЙ УЛСЫН АГААРЫН ХҮЧИН ЧАДАЛ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД БАЙГАА-

-Сайн байна уу. Таны хувьд хэзээ эх орондоо ирсэн бэ. Одоо тусгаарлалтын хэд дэхь хоног дээрээ явж байна?

-Сайн. Сайн байна уу. Бидний цөөхөн монголчууд төсөл МУ-ын ГХЯ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтарч, ОХУ болон Европын 7, 8 оронд ажиллахаар анх хоёрдугаар сарын 17-нд Монгол улсаас гарсан. Гэхдээ коронавирусээс болж Москвад хөл хорионд орсон. Өөрөөр хэлбэл, Оросын чанга дэглэмтэй карентинд 3 сар болсон юм. Үүний дараагаар УОК, Элчин сайдын яаманд хэд хэдэн удаа хүсэлт шаардлага тавьсны дагуу Алтанбулагийн боомтоор орж ирэх зөвшөөрөл аваад долоодугаар сарын 1-нд Монгол улсдаа орж ирсэн. Одоо Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдаад 17 хонож байна.

-ДЭМБ тусгаарлалтын хугацааг 14 хоног гэж заасан ч Монгол улс 21 хоног тусгаарлалтанд байлгаж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Вирус хүний биед орсон бол 2-6 хоногийн дотор илэрдэг. Гадны улсуудад эхний шинжилгээг нь анх тусгаарлахдаа, хоёр дахь шинжилгээг долоо хоногийн дараа, гурав дахийг нь 14 хоногийн дараа авчихаад тусгаарлалтаас гаргаад байгаа юм шиг байна лээ. Монгол улсын хувьд илүү хашир, хянамгай үзэж байна л гэж харсан. Тухайн улс дотроо ямар дүрэм, журам дагаж байна. Түүнийг дагаж л амьдрах шаардлагатай болоод байна шүү дээ.

-ЛАБОРАТОРИЙН ХҮЧИН  ЧАДАЛ САЙН БАЙСАН БОЛ БИД 14 ХОНОГ
ТУСГААРЛАГДААД Л ГАРЧИХ БАЙСАН-

-Дархан-Уул аймгийн хувьд тусгаарлалт ямаршуу байгаа вэ. Улаанбаатар хотод тусгаарлагдаж байгаа иргэдээс хэр ялгаатай гэж үзэж байна?

-Ер нь манай эрүүл мэндийн салбарын нийт тогтолцоо социализмын үеэс тогтвортой, сайн хөгжиж ирсэн гэж боддог. Бүх эмнэлгүүд нэгэн хэвийн стандартыг барьж ажилладаг учраас шинжилгээ судалгаа, техник технологи, ая тухын хувьд сүрхий том ялгаа байхгүй харагдсан. Магадгүй олон хүн цугласан Улаанбаатарын хувьд өвчтнүүдийн дараалал, хүнд суртал гээд бүр дордох талтай байдаг. Харин хүн ам багатай орон нутгийн хувьд үйлчилгээ нь хүндээ илүү хүрч чадаж байгаа юм боловуу гэж бодож байгаа.

-ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ НЬ ХАГАС ЖИЛ ӨНГӨРЧИХӨӨД БАЙХАД ЛАБОРАТОРИЙН
ХҮЧИН  ЧАДАЛ НЬ НЭМЭГДЭЭГҮЙД БАЙНА-

-Таны хувьд тусгаарлагдаж байх хугацаандаа нийт хэдэн удаа шинжилгээнд хамрагдсан бэ?

-Долоодугаар сарын 1-нд оройтож ирсэн учраас 2-ны өглөө анхны шинжилгээгээ өгсөн. Дараа нь долоодугаар сарын 13-нд хоёр дахь шинжилгээгээ өгсөн.

-Шинжилгээгээ ямар хэлбэрээр өгсөн бэ? Хамрын арчдас авсан уу?

-Авсан. Хамар болон ам гээд хоёулангаар нь зэрэг авч байсан. Нэлээн хянамгай авч байна даа гэж би бодсон.

-Та сүүлийн үед УОК, ЭМЯ-ны барьж ажиллаж буй бодлого шийдвэрүүд дээр цахим хуудсаараа дамжуулан  ихээхэн бухимдалтай хандах болсон. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Өнөөдрийг хүртэл гурван сарын хугацаанд олон удаа хүсэлт, захидал илгээж, эх орондоо ирэхийн тулд нэлээдгүй хугацаанд чармайлаа шүү дээ. Ганцхан би ч биш гадаадад гацсан олон мянган монголчууд янз бүрийн хэцүү нөхцөл байдалд байна. Орон гэргүй гудамжинд гарчихсан хүмүүс ч байна. Ер нь л нийтээрээ ядарч эхэлсэн. Арга ч үгүй дээ. Хагас жил өнгөрчихлөө шүү дээ. Энэ олон хүн эх орондоо ирэх гэж чармайж байхад манай улс боломжийнхоо хирээр хүмүүсээ авч байна гэсээр хагас жилийг өнгөрөөчихлөө. Ганц, хоёр хоног ч хүлээнэ гэдэг гадаадад хүнд байдалд байгаа иргэдэд бэрх. Нэг мөсөн бүгдийг нь яагаад авчихаж болохгүй байгаа юм бэ гэдэг асуултыг монгол хүн бүр тавьж байна.

Ингэхээр нээрэн л онгоц нь хүрэхгүй байгаа юм уу, нисгэгч нь хүрэхгүй байгаа юм уу, тусгаарлах газар дутмаг байгаа ч бил үү гээд олон асуултыг тавьж, үүнд нийгмээрээ хариултыг нь хайж байна. Гэтэл онгоц нь илүүдэлтэй, нисгэгчид илүүдэлтэй байгаа гэнэ. Гадаадад байгаа иргэдээ хэдэн мянгаар нь авчрах агаарын хүчин чадал нь бидэнд байгаа юм байна. Тусгаарлах байрны хувьд аймгуудын эмнэлэг гэж томоохон объектууд байна шүү дээ. Би л гэхэд Дарханд байна. Гэтэл хамгийн асуудалтай зүйл нь лаборатори хангалтгүйд байгаа юм байна.

-МҮИС-ИЙН ДОТУУР БАЙРАНД БАЙГАА ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭГ АВЧ АМЖИХГҮЙ
БАЙГАА УЧРААС ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦААГ 28 ХОНОГ БОЛГОЖ СУНГАСАН-

-Манай улс тэгэхээр хангалттай шинжилгээ, судалгаа хийх лабораторийн хүчин чадалгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Лабораторийн хүчин чадал маш муу юм байна. Үүнээс болж хүмүүс товлосон хугацаандаа, хангалттай байдлаар шинжилгээгээ өгч чадалгүй тусгаарлалтын хугацаа нь хэтрээд 30 хоног, бүр сарын хугацаанд ч хөл хорионд байна. Жишээ нь л гэхэд  энэ сарын 15-нд Сөүлийн  онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг одоо хүртэл аваагүй байна.  Лабораторийн хүчин чадалгүй, очоод нарийн шинжилгээг нь авдаг боловсон хүчин байхгүй. Бас МҮИС-ийн дотуур байранд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн шинжилгээг нь авч чадахгүй байсаар тусгаарлалтын хугацааг нь 28 хоног болгосон байсан. Гэтэл бүтэн хагас жил хамгийн гол асуудлаа шийдээгүй явж байгаа нь миний бухимдлыг төрүүлсэн гэж ойлгож болно.

-Хүмүүс сүүлийн үед УОК, ЭМЯ-нд өгсөн хандивын мөнгө  хаашаа ороод байгаа талаар асууж, шүүмжлэлтэй хандаж эхэлсэн?

-Хаашаа, юунд зарцуулагдаж байгааг би ч мэдэхгүй. Анзаараад үзэхэд манай хажуу өрөөнд хэвтэж байгаа нэг оюутан хувиасаа зардалаа төлж, зүтгэж байж монголдоо ирсэн. Тусгаарлалт, шинжилгээнийхээ мөнгийг ч өөрөө төлөөд сууж байна. Гэтэл энэ залууд эх орондоо ирээд, тусгаарлагдаад, Баян-Өлгий рүү харих явцад нь Монгол улсын ЗГ-аас нэг ч төгрөг өгөхгүй шүү дээ. Тэгэхээр хандиваар цугласан мөнгө, гадаад улс орнуудаас олгосон зээл тусламж яг юунд зарцуулагдаад байгааг олох хэрэгтэй л болчихоод байна.

-ХЭРВЭЭ НАМАЙГ ЛАБОРАТОРИЙН ХҮЧИН  ЧАДЛЫГ НЭМЭЭЧ ГЭВЭЛ
БИ ТАВ ХОНОГТ, ТАВ ДАХИН ӨСГӨЖ ЧАДНА-

-Тэгэхээр ЭМЯ, УОК лабораторийнхаа хүчин чадлыг яаралтай нэмэх шаардлагатай болж байна?

-Тийм ээ. Тэр цугласан хандиваараа лабораторийнхаа хүчин чадлыг яагаад нэмчихэж болохгүй байгаа юм бэ. Хэрвээ намайг лабораторийн хүчин чадлыг нэмээч гэвэл “би тав хоногт, тав дахин өсгөж” чадна. Тэр боломжууд байсаар байтал яагаад хөдлөхгүй байгаа юм бэ. Тэгэхээр цаана нь “өөр ямар нэг санаа байгаа юм уу, иргэдийг айдас хүйдэстэй байлгаад байх тийм бодлого байгаа юм биш үү” ч гэж хүмүүс хардаж эхэлж байна ш дээ.

-Таныхаар энэ асуудлыг яаж шийднэ гэсэн үг вэ?

-Эхлээд мэдээж лабораторийнхаа хүчин чадлыг нэмэх хэрэгтэй, гаднаас худалдаж авах хэрэгтэй. Дараа нь вируслогийн мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй юм байна. Тодорхой хугацаа шаардагдана л даа. Тэр хугацаанд гадаадад байгаа иргэдээ хаяж болохгүй. БНХАУ, ӨМӨӨЗО туршлагатай хөршүүд байна шүү дээ. Тэдэнд хүсэлт тавиад, мөнгийг нь төлөөд, багаар нь авчраад тавхан хоногийн дотор шийдчих боломж байна. Гадаадад байгаа иргэдээ бүгдийг нь аваад тэр эмнэлгийн багийнхнаар шинжлүүлье, эмчлүүлье. Харин тэр хооронд нь бид мэргэжилтнүүдээ бэлтгэе, туршлага олж авья. Ингээд бидний нөөц бололцоо бүрдээд ирэхээр тэр хүмүүстээ “баярлалаа гээд, нэг нэг хонь өгөөд л явуулчихья”. Үнэхээр хүсэл л байвал шийдлүүд үргэлж байдаг.

-ДАХИН СОНГУУЛЬ ХИЙНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙХААР ОДОО СОНГОГДСОН ХҮМҮҮСЭЭ
ШАХАЖ, АЖЛЫГ НЬ ХИЙЛГҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

-Өнгөрсөн хугацаанд хүмүүс ЭМЯ, УОК-ыг сайн ажиллаж байна гэж сайшааж байсан боловч сүүлийн үед энэ хандлага өөрчлөгдөж эхэлсэн?

-Өнгөрсөн хугацаанд ЭМЯ-ндаа юу, эмч нартаа юу, буян заяа нь түшсэндээ юу дотооддоо халдвар аваагүй учраас нээрээ л сайн ажиллаж байгаа мэт санагдаж байсан. Гэтэл Москвагаас харж, ойлгож байсан бүх зүйлсээ энд ирээд бодитоор нь харж эхэлсэн. Хэрвээ лабораторийн хүчин чадал сайн байсан бол бид 14 хоног тусгаарлагдаад л гарчих байсан. Тэгэхээр асуудлыг цогцоор нь харж, шийдэх чадвар эрх баригчдад дутаад байгаа юм. Одоо гадаадад гацсан иргэдээ яаралтай авчрах хэрэгтэй байна. ЗГ хамгийн энгийн, хатуу хэлбэрийг сонгож ажиллаад байна л даа. Авчраад л хорьчихдог.Одоог хүртэл нэг ч монгол хүн халдвараас болж эндсэнгүй гэж мэдэгдээд байдаг. Гэтэл гадаадад байгаа иргэд нь эхнээсээ эндэж эхэлсэн шүү дээ.

-Таны  хувьд сонгуулиа өгөөгүй байх. Энэ удаагийн сонгуулийг  юу гэж харж, дүгнэж байгаа вэ?

-Нэгэнт болоод өнгөрчихсөн зүйлийг одоо дүгнэх боломжгүй л дээ. Ямар ч байсан монголчууд сонгуулиа хийсэн. Төр, засгаа эмхэлсэн. Харин одоо бид нар үзэл бодлоо нэгтгэж, шаардлагаа тавиад, тэдний ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. Дахин сонгууль явуулья гээд улстөржөөд байвал манай улс хөгжихгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр туулай өдөр

9 цагийн өмнө