Шадар сайд наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

Шадар сайд наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо. Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол хүртсэн Мягмарын Бадарч нарт бай шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

-Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Намсрайжавын Батсуурьт "Тод сонин"

-Долоо даван Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайханд "Саруул сайжрах"

-Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвад "Үнэн зоригт"

-Тав даван Улсын начин цолоо баталсан Баярсайханы Орхонбаярт "Өсөх идэр" чимэг тус тус олгосон үнэмлэхийг гардуулж баяр хүргэлээ.

Мөн Зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон Улсын харцага Оргихын Хангайд "Өсөх идэр" чимэг олгосон үнэмлэхийг гардуулан чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой тохиож байгаа. Ойг угтан бэлтгэл ажил хангах хүрээнд Шадар сайд Я.Содбаатар баяр наадам зохион байгуулах хороо болон үндэсний бөхийн салбар хороонд тодорхой үүрэг чиглэл өглөө. Тодруулбал баяр наадмын тухай хуулийг шинэчлэх чиглэл өгсөн юм. Ингэхдээ 1,024 бөх барилдсан тохиолдолд ес давсан бөх Улсын арслан цолтой хэвээр үлдэх үү, аварга цол хүртэх үү зэрэг нарийн асуудлыг тодорхой тусгаж өгөхийг чиглэл болголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө