ТАНИЛЦ: Түрээсийн орон сууцыг дараах хүмүүст олгоно

ТАНИЛЦ: Түрээсийн орон сууцыг дараах хүмүүст олгоно

 Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. 

Энэхүү эрхийг Нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулав. 

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • - залуу гэр бүл,
  • - төрийн албан хаагч,
  • - хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
  • - 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
  • - өрх толгойлсон эцэг, эх,
  • - өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
  • -хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
  • - гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох санал боловсруулсан байна. 

“Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.

“Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцжээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэв.

Ингээд зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо.




Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө