УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 09.00 цагт эхэлсэн.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн, зөрчлийн улмаас баривчлагдсан эсхүл цагдан хоригдсон иргэний саналыг битүүмжилсэн хайрцгаар авах юм.
Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65.4-т заасны маргааш 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц зөөврийн хайрцгийг ажиглагч нар танилцуулан задалж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.
Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэний ойр орчимд тухайн хүний гэр бүлийн гишүүн, нам, эвслийн ажиглагч, хамгаалалтаар ажиллаж буй цагдаагийн алба хаагч, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөгч байхыг зөвшөөрнө.