Монголоос үзүүлсэн тусламжийн хариуд АНУ  талархаж байгаагаа илэрхийллээ

Монголоос үзүүлсэн тусламжийн хариуд АНУ талархаж байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” тусламж үзүүлэх арга хэмжээний хүрээнд хандивлаж буй нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Холбооны Онцгой байдлын алба (FEMA)-ны Бүс нутгийн 10-р төвийн дарга М.О Хэйр-д 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгөв. 

Элчин сайд Ё.Отгонбаяр тусламжийг хүлээлгэн өгөхдөө Америкийн ард түмэн, Засгийн газрууд Монгол Улсад шилжилтийн болон байгалийн гамшиг тохиож байсан хүнд, хэцүү үед тууштай дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд коронавирусын халдвартай тэмцэхэд нь дэм болох үүднээс Монголын ард түмэн, Засгийн газраас эдгээр өмсгөлийг хандивлаж байгааг тэмдэглэв. Тэрбээр Америкийн ард түмэн коронавирусын халдварыг даван туулж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүссэн юм. Эдгээр өмсгөлийг Холбооны Онцгой байдлын албанаас Аризона, Невада зэрэг муж руу хүргүүлэхээр хуваарилаад байна.

Энэ тухай АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески “Монгол улсад баярлалаа. Энэхүү хандивт маш их талархаж байна.  АНУ болон Монгол Улсын түншлэлийн бас нэг том бэлэг тэмдэг болсон үйл явдал тохиолоо” хэмээн өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ.

Монгол, Америкийн хооронд энэхүү түүхэн нислэг үйлдэх, тусламжийг тээврлэх, АНУ-д гацсан монгол иргэдийг Монгол руу авч явах, үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Төрийн департамент (Department of State), Дотоодын аюулгүй байдлын яам (DHS), Тээврийн яам (DOT), Холбооны Онцгой байдлын алба (FEMA), Холбооны нислэгийн удирдах алба (FAA), Тээврийн аюулгүй байдлын алба (TSA), Хил, гаалийн алба (CBP), Холбооны Хүнс, эмийн бүтээгдэхүүний алба (FDA) болон Сиаттл хотын нисэх онгоцны буудал зэрэг байгууллагад Монгол Улсын Засгийн газар, Вашингтон дахь Элчин сайдын яамны зүгээс гүн талархал илэрхийлж байна.