СЕХ: Зургаан нэр дэвшигчийг хорихдоо манайхаас зөвшөөрөл аваагүй

СЕХ: Зургаан нэр дэвшигчийг хорихдоо манайхаас зөвшөөрөл аваагүй

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй зургаан нэр дэвшигчийг гэм, буруутайн шүүх хурлаас нь өмнө Хорих 461 дүгээр ангид хориод байна. 

Тодруулбал, Ардчилсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баяр болон МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Сахигтун-19 Үндсэн хуулийн эвслээс Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Бат-Ялалт нарыг цагдан хориод байгаа юм. Тэд шоронгоос сонгуульд өрсөлдөх нь. 

Уг баривчилгааны талаар олон нийт янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, хүний эрхийн тэмцэгчид, хуульч мэргэжилтнүүд ихээхэн шүүмжилж, "Шүүхийн шийдвэр нь холбогдох хэд, хэдэн хуулийг зөрчиж байна. Өрсөлдөгчдөө хорьж сонгуулиа явуулдаг, хүний эрхийг зөрчдөг ноцтой жишиг рүү Монгол улс орж байна. Тухайн хүмүүсийн асуудлыг бусад үед шийдвэрлэж болох байсан. Гэтэл гагцхүү сонгуулийн сурталчилгааны үеэр барьж, хорьсон нь олон хардлагыг дагуулж байна. Мөн дээрх хүмүүсийг сонгох сонгогчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Үндсэн хуульд хүн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Нэр дэвших үнэмлэхээ авсан тохиолдолд хорьж болохгүй" хэмээн ярьж байгаа юм. 

Угтаа бол Сонгуулийн тухай хуулийн 35.2.-т “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:

35.2.1. Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;

35.2.2. Орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.

35.3. Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно” гэж заасан байдаг.

Хуульд зааснаар гэмтэй ч, гэмгүй ч нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглодог аж.

Гэтэл дээрх зургаан нэр дэвшигчийг хорихдоо СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНООС зөвшөөрөл аваагүй байна. 

Бид энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн албанаас тодруулахад "Хуулиндаа зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ аваагүй. Би энэ талаар тайбар хэлэх боломжгүй. Манай удирдлагууд мэдэх асуудал. Уг асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны тайлбар өгөх эсэх нь тодорхойгүй байна. Бид сонгуульдаа бэлтгэж байна" гэсэн хариултыг өгсөн юм. .