"Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн", "Монгол туургатан төв холбоо", "Зон олны нам"-аас хамтран энэ сарын 16, 20, 24, 28-ны өдөр болон долдугаар сарын 01-нд "Гадаадад гацсан монголчуудын төлөө" жагсаалыг зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн.
Эхний жагсаал өнөөдөр МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны өмнө боллоо. Энэ үеэр Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр "Гадаадад гацаасан монголчуудыг эх оронд нь авчрахыг эрх баригчдаас шаардсан шаардлага бүхий жагсаал өнөөдрөөс эхэлж байна. Гадаадад гацсан олон хүний асуудал яригдаж байна. Тэдний дуу хоолойг хүргэнэ. Хамгийн эхний сануулга болгож МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандсан шаардлагыг одоо оруулж өгнө. Өнөөдөр бид тайван замаар дуу хоолойгоо хүргэж байна. Үргэлжлүүлэн бид янз бүрийн арга хэлбэрээр шаардлагаа тавьж жагсана. Өчигдөр Улсын онцгой комиссын шуурхай штабын хурал болсон. Энэ үеэр Солонгос дахь монголчуудыг ЭСЯ-ны гадна жагсаж болохгүйг анхааруулаад зөрчвөл онгоц нисгэхгүй гэж сүрдүүлсэн. Гадаадаас монголчуудыг авчрах ажил бизнес болчихлоо. Эрх баригч нам, У.Хүрэлсүх гадаадад гацсан монголчуудыг золиосолж, коронавирусээр улс төр хийж байна. Иргэдийг авчрахдаа зохион байгуулалтгүй ажиллаж байна. У.Хүрэлсүх ард түмнээ хамгаалсан баатар болж, олон хүнийг хохироож болохгүй. Тиймээс иргэдийг яаралтай авчрах ёстой. Энэ улс төржилтөө зогсоо" гэлээ.
Энэ үеэр МАН-ын хуулийн хэлтсийн Р.Саруул жагсагч Э.Одбаярыг явахыг шаардаж явууллаа.
Харин Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.
ВИДЕО: