Дэлхийн 216 улс оронд тархан 7.3 сая хүн өвчлөөд буй коронавирусийн судалгаа дэлхийн өнцөг булан бүрд үргэлжилсээр байгаа билээ. COVID-19-ийн эргэн тойрон дахь тандалт, судалгааны тоймыг хүргэе.
1.Олон улсын судалгааны баг Ковид-19-тэй 1063 өвчтөнд ремдесивир эмийг хэрэглэн эмнэлзүйн туршилт судалгаа хийхэд эдгэрэлтийн хугацаа богиносож байгааг тогтоожээ.
- Энэтхэг улсын судлаачид Ковид-19-тэй өвчтөнд ремдесивирийг эхний 5 хоногт хэрэглэх нь үр дүнтэй гэжээ.
- Шанхай хотын эрдэмтэд Коронавирус нь дархлааны Т эсийг гэмтээдгийг тогтоосон байна. Судлаачид өндөр настан, дархлаа дарангуйлагдсан, архаг хууч өвчтэй хүмүүсийн дархлааны эс гэмтсэн байдаг тул Ковид-19-д илүү өртдөг гэж дүгнэжээ.
- Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт Ковид-19-ийн тархалтын түвшинг 2 дахин бууруулах боломжтой гэж үзжээ.
- Бразилийн судлаачид 6-р сарын 20 гэхэд тус улсын 1 сая хүн коронавирусийн халдвар авч, 50 мянган хүн нас барна гэж тооцоолжээ.
- ДЭМБ коронавирус мутацид ороогүй, вирусийн хоруу чанар, халдвар дамжих байдал хэвээр байгаа тухай мэдээлжээ.
- Хонконгийн судлаачид Ковид-19-тэй хүмүүс хэрэглэж байсан нэг удаагийн савханд коронавирус илрүүлжээ. Энэ нь коронавирус аяга, халбага, сэрээгээр халдвар дамжих магадлалтай гэжээ.
- АНУ-ын судлаачид коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 40-45 хувь нь шинж тэмдэггүй байх боловч 14 хоногоос дээш хугацаагаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ.