Ө.Энхтүвшин: Энэ сарын 21-нд АНУ-аас 260 иргэнээ татан авна

Ө.Энхтүвшин: Энэ сарын 21-нд АНУ-аас 260 иргэнээ татан авна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн даргалдаг Улсын Онцгой комиссын 23 дахь ээлжит хуралдаан Төрийн ордонд болж дууслаа. Хуралдаанаар КОВИД-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал болон гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл, төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албан тушаалтнууд танилцуулж байна.

Тэрээр хэлэхдээ, бид эхлээд COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулж, ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгааг ярилцлаа. Цаашид олон орноос иргэд ирэхэд бэлэн байдал хэр хангагдаж байгаа талаар болон ажиллах хүч, эмийн нөөцийг авч үзсэн.  Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 194 хүнийг хүлээн авснаас 89-ийг эдгээж, 105 хүнийг эмчилж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулсан.

Халдвар авсан 194 хүний 89 нь ОХУ-аас, бусад нь өөр улс орнуудаас зөөвөрлөгдсөн орж ирсэн. Мөн 17,694 хүнийг шинжилгээнд хамруулжээ.

Ингээд лабораториудад 17 хүн, нийт 200 гаруй хүн ээлжээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Эм тарианы 30 хоногийн нөөцтэй бөгөөд N95 маскаас бусад төрлийн зүйл дутагдаагүй гэдгийг хэлсэн.  Үүнийг харгалзан N95 маскны нөөцийг бүрдүүлэхээр болсон.

Өнөөдөр Япон улс руу илгээсэн онгоцоор ихээхэн хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүнийг авчрахаар тооцоолсон.

Хоёрдугаарт, хилийн боомтуудын тухай хэлэлцсэн. Ачаа, тээвэр огт тасалдаагүй. Нүүрс, эрдэс баялгийн экспорт хэвийн хэмжээнд байна. Гашуунсухайтаар гэхэд өдөрт 500 орчим машин гарч байгааг цаашид нэмэгдүүлэхээр ярьж байгаа. Хятадын талтай энэ тухай ярилцаж, асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн эдийн засаг энэ оны хоёрдугаар хасагт хүндэрч магадгүй тул бизнесээ бүх талаар дэмжинэ. Тиймээс долдугаар сард коронавирусийн халдвараас хамгаалах талаар л биш бол ААН, байгууллагад зэрэгцэж хийгдээд байгаа шалгалтуудыг зогсоо гэж байгаа.

Гуравдугаарт,  АНУ-д 1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг өгнө. Энэ тусламжийг зургаадугаар сарын 21-нд манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна” хэмээн мэдээллээ.