Л.Оюун-Эрдэнэ Э.Бат-Үүлтэй тохиролцоо хийжээ

Л.Оюун-Эрдэнэ Э.Бат-Үүлтэй тохиролцоо хийжээ

УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр болоход 12 хоног үлдсэн энэ үед Хэнтий аймгийн нутагт байраа зассан хоёр сонгуулийн штабын хооронд нууц жим зам гарсан сурагтай. Учир нь, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй сэм уулзаж, сэмхэн хор найруулж эхэлсэн аж. Тэдний уулзалтыг Улаанбаатар хотоос зуучилсан бөгөөд Хэнтий аймгаас МАН-аас Л.Оюун-Эрдэнэ нэгээр, АН-аас Э.Бат-Үүл хоёроор гарах тухай тохиролцоо хийсэн гэх яриа ч байна. Учир нь, Э.Бат-Үүл баатрын хувьд энэ сарын 29-ний өдөр болох шүүх хурлаас төрсөн хүү Б.Чулуудайн хамт хуурай гарах цаашлаад УИХ-ын гишүүн болох замаар бүрэн эрхээ хамгаалуулахын төлөө Л.Оюун-Эрдэнэ битгий хэлд нь бууж өгөхөд бэлэн тууж яваа. Тиймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс түүний УИХ-ын дарга асан З.Энхболдтой өрсөлдөнө гэж байсан хатуу шийдвэрийг нь зөөллөж, Хэнтий аймагт У.Хүрэлсүхийг унагахын төлөө хүчээ өг, үүний дараа амин чухал буюу хуулийн асуудлыг нь шийдэж өгье гэдэг тохиролцоог хийж өгсөн бололтой юм.

Ийм үгэнд ардчиллын 30 жилийн турш дарга, УИХ-ын гишүүний албан тушаалаас ховхороогүй Э.Бат-Үүлийн хувьд яахан үгүй гэж хэлэх. Цаашлаад өдгөө хамгийн хүчтэй гэгдэж буй МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хүчийг үзэх эр бяр бас хүч амтагдсан байж таараа. Дээр нь, Ерөнхийлөгч Х.Баттулгатай удаан хугацааны турш хийсэн зөрчил, тэмцлээ зогсоож эвлэрлийн гэрээ байгуулахгүйгээр ирээдүйд наранд амьдрахад хэцүү болно. Ёстой л олны хэлдгээр нарны амьдрал сонгох уу, нарсны замыг сонгох уу гэдэг дээр эрүүл саруул ухаан санаатай хүн нэгдэхь замыг нь сонгож таараа шүү дээ. Тиймээс ийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал санаачилга, дэмжлэг, тулгалтыг дагаж Л.Оюун-Эрдэнэд дагаар орсон нь энэ.

Харин энэ хооронд нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нисдэг тэрэг хөлөглөж, тэнгэрийн зам татуулан, ард түмний алга ташилтад төөрчихсөн бололтой юм. Учир нь, тэрбээр өөрийн сурталчилгаагаа Хэнтий аймагт төдийлөн зорьж хийгээгүй бөгөөд хаашаа л харна, хаашаа л явна нисдэг тэрэг хөлөглөх болсон. Сүүлд бүр, Сэлэнгэ, Дарханд ажиллахдаа нисдэг тэрэг хөлсөлсөн нь иргэдийн дургүйцлийг хүргэж, там болгож хаясан Дархан хүрэх замаараа машинаар явангүй гэдэг олны хилэнг хүргээд авна билээ. Учир нь, өнгөрсөн жил гаруйн хугацаанд Улаанбаатар-Дарханы замын чиглэлд нийтдээ 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 хүн хүнд авсан байна. Ийм байхад уг замыг барих ёстой, бариулах ёстой Засгийн газрын тэргүүн өөрөө тэнгэрээр нисээд, иргэдээ газраар мөлхөөд байхаар яаж ч иргэдийн дэмжлэг авах билээ дээ. Ядахад уг замыг барьж байсан Хятадын хөрөнгө оруулагчдаас Зам, тээврийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 20 мянган юанийн хахууль авч байсан нь газар дээрээ баригдсан. Гэтэл одоо Х.Оргил-Эрдэнэ гэм зэмгүй болчихсон эрх чөлөөтэй тууж яваа. Харин баригдаагүй зам дээр нь зөвхөн энэ долоо хоногт гэхэд “Гүрэнт Монгол” эвслээс нэр дэвшиж байсан хоёр хүн авто осолд орж амиа алдаж, гурван хүнийх нь бие хүндхэн байдалтай байгаа. Ийм байхад Ерөнхий сайд, эрх баригч намын дарга нь өөрөө тэнгэрээр зам хийж, иргэдийн алга ташилтанд мансуурсан шигээ явж байх.

Яг ийм видео сурталчилгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар түгэхтэй зэрэгцэн харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт хор найруулж, ялсан намын дарга болох нүхээ малтаад сууж байх. Тэгээд ч өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дэмжиж байсан харц, алга таш нь мартагдаагүй гэдгийг энд давхар мөн сануулая. Нэгээс урвасан хүн нөгөөгөөс урвах юу байх вэ дээ. Тэр дундаа, Ерөнхийлөгчийн пиарч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хүртэл “Надаас "чи  У.Хүрэлсүхийг, Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байсан атлаа одоо яагаад дэмжихгүй байгаа юм бэ"  гэнэ ээ. Тиймээ, би У.Хүрэлсүхийг дэмжиж байлаа. Харин ЖДҮ чдийг, 60 тэрбумтануудыг, тендерчдийг, хар жагсаалтыг, хар тамхичдыг дэмжиж яваагүй. Тэднийгээ хөөж явуулна гэж байсан амлаж байсан У.Хүрэлсүхийг дэмжиж байсан  болохоос тэдэнтэйгээ хүчээ нэгтгэсэн У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагүй. Тийм учраас итгэл алдарсан. Тэр хэрэв амалсандаа хүрч ЖДҮ чдээ, тендерчдээ, уул уурхайгаар баяжигчдаа хөөж явуулсан бол урьдын адил дэмжсээр байх байлаа.   Харин Оюукагаа  дэмжсээр байгаа. Л. Оюун-Эрдэнэ бол өндөр  боловсролтой  сэхээтэн. Бас шударга ёсны тэмцлээсээ ухраагүй яваа. У.Хүрэлсүхээс илүү Л.Оюун-Эрдэнэд итгэх болсон.  Тэгээд ч Оюука бол өсч яваа лидер...” гэж бичээд байх чинь билээ дээ.

Эндээс харахад энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН яллаа гэхэд У.Хүрэлсүхийн фракцийн хагарал эхэлж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох нь эргэлзээтэй болж мэдэх л юм шүү.

А.БААТАР