Дээвэр засч байсан ажилчид хар цас халааж байгаад гал алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан

Дээвэр засч байсан ажилчид хар цас халааж байгаад гал алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан

Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын их дэлгүүрт гарсан галын шалтгаан нөхцлийн талаар холбогдох албаныхаас тодрууллаа. Тэрбээр энэ үеэр "Хаа, хаана анхаарах олон асуудал байна гэдгийг харууллаа. Сургамжийг үлдээлээ" гэлээ. 

Харин ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Нямбаяр галын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгөхдөө "Улсын их дэлгүүр 1961 онд баригдсан. 59 жилийн насжилттай хуучны зургаан давхар барилга. Нийт 23600 метр квадратад үйл ажиллагаа явуулдаг. Тус дэлгүүр нь 1000 гаруй ажилтантай. Өдөрт 15-20 мянган үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлдэг. 

Нийт 4 цаг 40 минут ажиллаж байж галыг бүрэн унтраасан. Утаанд угаартаж долоон давхарт гацсан байсан иргэдийг авто механик шат ашиглаж буулгасан. Нэг гэр бүлийн долоон иргэн байсан. Тус дэлгүүрийн 6,7 давхарт гал түймэр бүрэн тархаж шатсаныг унтрааж 1-5 давхар хүртэл тархалтыг хумиж эд хөрөнгийг авран хамгаалсан. 

Гал унтраах үйл явцад нэлээн хүндрэлүүд гарсан. Тухайбал, обьектын голын хэсэг хөндий учраас барилга бүхэлдээ хорт хийнд автаж үзэгдэх орчин хязгаарлагдсан. Гал тусгаарлах хана, утаа зайлуулах агааржуулалтын системгүй байсан. Мөн шатах бараа материал ихтэй байсан нь гал түймрийг богино хугацаанд их талбай хамаарч унтраахалд төвөгтэй байсан. 

Тус давхрын 7 давхарт байрлах зоогийн газрын газ дэлбэрсэн учраас зургаан давхрын карказ, даацийн төмөр, тоосго унасан. 

Онцгой байдлын газрын хоёр албан хаагч утаанд хортсон. Тухайн үед нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн байна" гэв. 

Харин цагдаагийн байгууллагаас гал гарсан шалтгаан нөхцлийн шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр засварын үйл ажиллагаа явуулж байсан компанийн алба хаагчдаас мэдүүлэг аваад холбогдох хуулийн дагуу хэрэг бүртгэл нээн ажиллаж байсан. Дээвэр засч байсан ажилчдын нэг нь хар цаас халаах явцад дээврийн завсрын хөөсөнд гал өгсөн байх магадлалтай. Үргэлжлүүлэн галын голомт хаанаас эхлэлтэй, аюулгүй ажиллагаа алдагдсан зэрэг нарийвчилсан үйл ажиллагааг явуулж байна. Гэхдээ галын шалтгаан нөхцлийн эцсийн дүгнэлт гараагүй байна. ОБЕГ-аас шинжээч томилоод ажиллаж байгаа. Угаарын хий бүрэн арилаагүй байгаа учраас хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийхэд хүндрэлтэй байгаа гэлээ.