Сонгогчдын нэрсийн жагсаалтад таны нэрийг бүртгээгүй бол гомдол гаргаж болно

Сонгогчдын нэрсийн жагсаалтад таны нэрийг бүртгээгүй бол гомдол гаргаж болно

УИХ-ын сонгуульд санал өгөх иргэдийн мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын вэб сайтад байршуулсан. Өөрөөр хэлбэл, иргэд ямар тойрог, хаана саналаа өгөхийг тус сайтад хандаж, регистрийн дугаараа бүртгүүлэн харах боломжтой гэсэн үг. Хэрэв сонгогчдын нэрийн жагсаалтад таныг бүртгээгүй, эсвэл буруу бүртгэсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ сарын 10-ны дотор гомдол гаргах эрхтэй.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 23.1-т “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэжээ. Хэрэв гомдол гаргасан бол иргэний улсын бүртгэлийн санг үндэслэн, түүний талаар лавлагаа гаргаж, сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулахаар хуульд тусгажээ.