Архангайн нийт ЖДҮ эрхлэгчдийн хүссэн мөнгийг Г.Тэмүүлэнгийн ээж ганцаараа авч байжээ

Архангайн нийт ЖДҮ эрхлэгчдийн хүссэн мөнгийг Г.Тэмүүлэнгийн ээж ганцаараа авч байжээ

Өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ компанид Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн баримт 2018 онд дэлгэгдэж олон нийтийн дунд дуулиан тарьж байв.

Жирийн иргэдийн тэр дундаа жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж, ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн боломжийг булаасан УИХ-ын гишүүдэд иргэд, олон нийт одоо ч “гомдсоор” байгаа юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн УИХ-ын сонгуульд “60 тэрбум, ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэж хэлж байсан ч ЖДҮХС-аас зээл авсан 30 гишүүн нэр дэвшиж байна.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Архангай аймагт нэр дэвшигч Г.Тэмүүлэн. Түүний хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа” цогцолбор ХХК тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг.

“Спа цогцолбор” ХХК нь бидний хэлж заншсанаар хорооллын эцэст байрладаг “Говь саун”-ыг эзэмшдэг компани юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ХАСХОМ-дээ дээрх компанийг бүртгүүлээгүй ч ээжийнхээ талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байна. Түүний ээж Довдонгийн Дэнсмаа нь “Спа цогцолбор”-ын захирал бөгөөд өөрийн охин Ганзоригийн Энх-Үүлэнтэй хамтран ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг юм.

-НУТГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН БОЛОМЖИЙГ БУЛААЧИХААД ДАХИН
НЭР ДЭВШИЖ БУЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ХҮН ОЛОН БАЙНА-

Г.Тэмүүлэн гишүүнийг ЖДҮХС-аас зээл авсан тухай баримт дэлгэгдэх үед “Бүхэл бүтэн нэг аймагт оногддог жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн зээлийг булаасан” гэх шүүмжлэл өрнөж байсан.

Тухайлбал, түүний нэр дэвшиж буй Архангай аймгийн ЖДҮ эрхэлдэг 137 хүн нийлж 2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 850 сая төгрөгийн зээл хүсч байжээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаагийнх нь авсан 700 сая төгрөг нэг аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн авах ёстой зээл гэсэн үг юм.

Түүнийг ёс зүйгүй үйлдэл гаргачихаад Архангайд дахин нэр дэвшиж тус нутгийн иргэдийн өмнө ИЧИХГҮЙ ирлээ хэмээх шүүмжлэлийг хэлэх хүн олон байна.

Эх сурвалж "Өнөөдөр" сонинд нийтлэгдсэн ЖДҮХС-гаас 700 сая төгрөг зээлсэн Д.Дэнсмаагийн "Спа цогцолбор" ХХК-ийн гэрээ

Эх сурвалж: ikon.mn ЖДҮХС-аас зээл авсан баримт

Г.Тэмүүлэн нь:

  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа билээ.