Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайханы биед халдаж, хүнд гэмтэл учруулсан Д.Доржсүрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.
ВИДЕО:
Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай Д.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг. Улмаар үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
-Д.ДОРЖСҮРЭН НЬ О.УЛАМСАЙХАНЫГ ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОЖ МӨНГӨ ОЛДОГ ГЭХ ЗҮЙЛСЭЭР ШАЛТАГЛАН БИЕД НЬ ХАЛДЖЭЭ-
Харин тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 03-ны өдөр хэлэлцэж, шүүгдэгч Д.Доржсүрэнг иргэн О.Уламсайханы биед халдаж, гэмтэл учруулсан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна. Д.Доржсүрэн нь О.Уламсайханыг "Хүний амьдралаар тоглож, мөнгө олдог" гэх зүйлсээр шалтаглан биед нь халдсан байдаг юм.
-Д.ДОРЖСҮРЭН: О.УЛАМСАЙХАНЫГ САНААТАЙГААР ГЭМТЭЭГЭЭГҮЙ. БОЛСОН ЯВДАЛД ХАРАМСАЖ БАЙНА-
Тухайн этгээд нь хэргийн талаар хэвлэлд өгсөн тайлбар мэдээлэлдээ "О.Уламсайханыг санаатайгаар болон захиалгаар гэмтээгээгүй, болсон үйл явдалд харамсаж байна. Цахим орчинд тархсан "О.Уламсайхан нь манай гэрт дайрч орсон. Эхнэрийн маань биед халдсан" гэх мэдээлэл худлаа. Зарим нэр бүхий мэдээллийн хэрэгсэл хэргийн газрын бичлэгийг зориудаар авч цацсанд харамсаж байна" гэхчлэнгийн зүйлсийг мэдээлсэн байдаг.
-О.УЛАМСАЙХАН ДЭЭРХ ХЭРГИЙГ ЗОЛГҮЙ ЯВДАЛ БАЙСАН ХЭМЭЭН ТОДОТГОЖ БАЙВ-
Харин энэ талаар "Ноорог"-ийн О.Уламсайхан манай сайтын "Шугам" нэвтрүүлгийн үеэр ч ярьж байсан юм. Тэрбээр "Би тэр хүнийг танихгүй. Энэ бол золгүй явдал байсан. Улс төржүүлэх шаардлагагүй гэж боддог. Тэр хүн намайг "Чи нөгөө жагсаал хийдэг бацаан мөн үү" гэхээр нь "Мөн мөн" гэж хэлээд инээхэд "Чамаас болоод хэдэн олон хүн хоолноосоо салж, хэдэн олон хүнд гай болсноо мэдэж байна уу гээд надад дургүй байдлаа илэрхийлсэн. Цахим орчинд "Намайг гэрт нь ороод, эхнэрийнх нь биед халдсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ ийм зүйл болоогүй. Надтай л ижил түрээсийн байранд амьдардаг байсан ах байсан" хэмээж байв.