“Эрдэнэс Тавантолгой” ХК 12.6 км урт нүүрс тээврийн конвейерийн байгууламжийг барьж, ашиглалтад орууллаа. Ингэснээр баяжуулах үйлдвэрийг 24 цагийн горимоор ажиллуулах боломж бүрдэж, экспорт, ашиг орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу “Нүүрс тээврийн конвейерийг ашиглалтад оруулснаар баяжуулах үйлдвэрийг өдөр, шөнийн горимоор ажиллуулах боломж бүрдлээ. Бид байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг, өртөг зардал хэмнэсэн 12.6 км урттай, Монгол Улсын хамгийн урт конвейерийг 14 сарын хугацаанд ашиглалтад оруулж чадлаа” хэмээн онцолсон юм. Тэрбээр цааш нь “Үүний үр дүнд жилд 10 сая тонн нүүрсийг угааж баяжуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байна. Баяжуулсан нүүрсийг экспортод гаргаснаар компанийн цэвэр ашиг нэмэгдэж, 1072 хувьцаа эзэмшдэг 3.4 сая иргэний хувьцааны үнэ цэнэ өсөх нөхцөл бүрдэнэ” гэв.
Конвейерийн байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг сорчлохгүй олборлож, ордын нөөцийг бүрэн ашиглах боломжтой болжээ. Мөн жилд 10 сая тонн нүүрсийг авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна. Үүнээс гадна тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 80 хувиар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэлийг бүрэн арилгах давуу талтай аж. Засгийн газраас 2025 оны долдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн бөгөөд үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулжээ.
Тус компани 2025 онд нийт 27.6 сая тонн нүүрс борлуулж, 28.8 сая тонн нүүрс экспортолсон нь Монгол Улсын нийт экспортын 32 хувийг бүрдүүлсэн байна. Харин 2026 онд 19 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 121.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.4 сая тонн нүүрс борлуулжээ. Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад хүргэн борлуулах ажлыг эхлүүлсэн байна. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байгааг компанийн удирдлагууд онцоллоо. Ерөнхий сайд өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах, гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах, сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх, “Олон нийтийн хяналтын зөвлөл” байгуулах, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ТЭЗҮ-г эцэслэх зэрэг үүрэг чиглэл өгсөн байна. Мөн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардлаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг сануулжээ.