БНХАУ-ын зарим зочид буудлын өрөөнд нууцаар камер суурилуулж зочдын хувийн орон зайг бичиж, интернэтээр түгээдэг хууль бус сүлжээ үйл ажиллагаа явуулж байгааг BBC агентлаг илчилжээ.
Анх энэхүү хэрэг 2023 онд Хонг Конгоос ирсэн эрэгтэй найз бүсгүйтэйгээ хамт зочид буудлын өрөөнд байхад нь бичигдсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархсаныг санамсаргүй олж харснаар олон нийтийн анхаарлыг татаж байжээ. Тухайн хос Хятадын өмнөд хэсгийн Шэньжэнь хотын зочид буудалд байрлахдаа нууц камерт бичигдсэнээ огт мэдээгүй байжээ. Харин тэдний бичлэгийг Telegram зэрэг платформоор дамжуулан мянга мянган хүнд үзүүлж, төлбөртэйгээр тараасан байжээ.
Харин дараа нь BBC агентлагийн эрэн сурвалжлах алба Telegram-аар сурталчилдаг хэд хэдэн сайт, аппликейшн Хятадын зочид буудлын өрөөнд байрлуулсан 180 гаруй камерын шууд дамжуулалт, архивласан бичлэгийг санал болгож байсныг тогтоожээ.
Нэг сайтыг долоон сарын турш ажиглахад 54 ширхэг өөр камераас бичигдсэн контент нийтлэгдсэн бөгөөд энэ хугацаанд мянга мянган зочин бичлэгт өртсөн байна. Мөн уг сүлжээг удирддаг “AKA” нэртэй зуучлагч сар бүр төлбөр авч, зочид буудлын өрөөнүүдийн шууд дүрсийг үзэх, бичлэг татах боломж олгож байжээ. Зарим Telegram суваг 10 мянга хүртэл гишүүнтэй байсан бөгөөд бичлэгт орсон хүмүүсийг доромжилсон, садар агуулгатай сэтгэгдэл нийтэлж байжээ.
Сэтгүүлчид болон судлаачид Хятадын төв хэсгийн Жэнжоу хотын нэг зочид буудлын өрөөнд байрлуулсан камерыг мөн илрүүлсэн байна. Тус камер нь ханын агааржуулалтын хэсэгт нуусан, барилгын цахилгаанд холбогдсон бөгөөд линз нь буудлын зочид унтах ор руу чиглэсэн байжээ. Хамгийн ноцтой нь онлайнаар өргөн зарагддаг нууц камер илрүүлэгч төхөөрөмж уг камерыг илрүүлж чадаагүй нь "зочдын хувийн нууц" ноцтой эрсдэлд байгааг харуулсан байна.
Хятадад порно кино хийх, түгээх нь хууль бус ч "тагнуулын камерын порно" гэгддэг энэ үзэгдэл дор хаяж 10 жилийн турш оршсоор ирсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын эрх баригчид зочид буудлын эздэд нууц камерын шалгалтыг тогтмолжуулах шинэ журам гаргасан ч бодит байдал дээр аюул бүрэн арилаагүй байна.
Монгол Улсын иргэд БНХАУ руу зорчих нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Иймээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
Эх сурвалж: BBC