СУРВАЛЖИЛГА: "Дунд гол"-ын урд баригдсан барилгууд гүний усыг шавхаснаас барилгуудад суулт өгөх эрсдлийг нэмэгдүүлж байна

СУРВАЛЖИЛГА: "Дунд гол"-ын урд баригдсан барилгууд гүний усыг шавхаснаас барилгуудад суулт өгөх эрсдлийг нэмэгдүүлж байна

Улаанбаатар хотын хэмжээнд 30 орчим барилгын доороос газрын гүний ус их, бага хэмжээнд гадагшилж байна гэсэн мэдээлэл бий. Энэ нь хойч үе маань хэрэглэх ундны ус хомсдож байгаагаас гадна хөрсөнд суулт үүсэх, үер болох, барилга усанд автах эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Тэгвэл бид үүний нэг жишээ болох Хан-уул дүүрэгт байх “Акуа гарден” хотхоны урд гүний ус гадагшилж байгаа жишээг сурвалжлан хүргэж байна.

ВИДЕО:

-ДУНД ГОЛЫН УРД БАРИГДСАН БАРИЛГУУДЫН ДООРООС ГАРЧ БУЙ ГҮНИЙ УСЫГ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛД ТУСГАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ШАВХАЖ ДУНД ГОЛ РУУ ЦУТГАДАГ-

Газар доорх ус буюу гүний усыг экосистемийг тогтвортой байлгадаг байгалийн нэн чухал нөөц гэж үздэг. Гүний ус нь газрын гүнд байх бөгөөд, хөрсний хэсгүүд болон чулуулгийн ан цав хоорондын зайг дүүргэж байдаг гэсэн үг. Иймд газар доорх усыг гадагшлуулснаар уст давхаргыг шавхаж, зарим хэсэгт хөрсний суулт үүсэх, байшин барилга суулт өгөх, үер болох зэрэг эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Гэтэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дунд голын урд талд баригдсан барилгууд нь гүний усаа Дунд гол руу шууд нийлүүлээд олон жилийн нүүрийг үзжээ. Тодруулбал, олны нэрлэдгээр "Авлигал хороолол"-ын баруун тал, Дунд голын гүүрний зүүн талд томоохон хэмжээний ус зайлуулах хоолой байх аж.

Тус шугам хоолойноос тасралтгүй урсах ус нь Дунд голын урд баригдсан барилгуудын доороос гарч буй хөрсний ус бөгөөд Дунд гол руу ийнхүү шууд зутгадаг байна.

Иргэдийн өгч буй мэдээллээр "Дунд голын урд баригдсан барилгууд нь голын ай сав газар орчимд баригдсан учир барилгын доороос байнга гүний ус гардаг. Тиймээс барилгын компаниуд нь доод давхартаа тусгай төхөөрөмж байрлуулж, өвөл, зунгүй хөрсний усаа Дунд гол шууд урсгадаг. Ингэж урсгаад олон жилийн нүүрийг үзэж байна" гэсэн юм. Гүний усыг ингэж гадагшлуулснаар олон эрсдэл дагуулж болдгийг бид дээр дурдсан. Тэгвэл эндээс гүний усыг гадагшлуулаад байх нь Улаанбаатарчуудын хэрэглэх ундны ус хомсдоход нөлөөлөх үү гэсэн асуулт урган гарна. Тэгвэл энэ талаар бид Усны газрын дарга З.Батбаяраас тодрууллаа.

-ГАЗРЫН ГҮНИЙ УСЫГ ШАВХАСНААР БАРИЛГЫН ЧАНАРЫГ МУУТГАЖ БАЙДГААС ГАДНА, ТУУЛ ГОЛ ТАСАЛДАХ ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ХЭРЭГЛЭХ УС ХОМСДОЖ БАЙНА-

Усны газрын дарга З.Батбаяр, “2004 онд батлагдсан Усны тухай хуулиар Монгол Улсад усыг газар доорх болон гадаргын ус гэж хоёр ангилсан. Газар дээрх ус гэдэг нь нүдэнд ил харагдаж байгаа усыг хэлж байгаа бол газар доох ус гэдэг нь нүдэнд ил харагдахгүй байгаа усыг хэлж байгаа юм. Усыг яагаад эрх зүйн хувьд ингэж ангилсан бэ гэхээр гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд газар доорх ус илүү үнэтэй байж, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ингэж ангилсан. Гэхдээ энэ хоёр нь байнгын холбоотой байдаг зүйл. Жишээ нь Туул голын ус хавартаа яагаад тасардаг вэ гэхээр асар их хэмжээний гүний усыг өвөлдөө ашигладгаас болоод газар доорх усны түвшин буураад энэ усны нөөцийг Туул гол нөхөхийн тулд хавартаа тасардаг. Иймд Улаанбаатар хотод барилга бариад байгаа хүмүүс суурь дороос нь ус гарч ирээд, түүнийгээ шавхан зайлуулж байгаа нь Туул голд шууд нөлөөлдөг гэсэн үг.

Нөгөө талдаа байшин барина, нүх ухна гэдэг нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг алдагдуулж байдаг. Өөрөөр хэлбэл олон сайхан байшин барьж байгаа нь ирээдүй, хүүхдүүдийнхээ уух усыг багасгаж байна гэсэн үг. Гэхдээ үүгээр байшин барихгүй гэдэг утгыг хэлээд байгаа юм биш. Зүй нь энэ хот дундуур урсаж байгаа голуудыг хотын гол болгож, өөрчлөх буюу үерийн хамгаалалтын далан хийж, ёроолыг нь хамгаалах арга байдаг.

Шүүрж байгаа усыг хамаагүй гаргаж хаях нь нэгдүгээрт ирээдүйн усны нөөцийг багасгаж байна. Хоёрдугаарт тухайн барилгыг эрсдэлд оржулж байна гэсэн үг. Ийм учраас Авлигал хороолол тэргүүтэй голын хамгаалалтын бүсэд баригдсан 4500 байшин барилгыг нураах тухай асуудал яриад байгаа юм.

Сэлбэ гол дагуу байшин барьсан газрууд усаа тасралтгүй шүүрүүлж байгаа. Үүний төлбөр удахгүй дийлдэхгүй их хэмжээний төлбөр гарна. Ривер гарден зэрэг хэд хэдэн барилгад тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд бид хөрсний усыг шавхан зайлуулж байгаа тохиолдолд маш болгоомжтой, аль болох тэгүүлэхгүй байх талаас нь хандаж байгаа. 2024 онд Дээд шүүхийн шийдвэр гараад хөрсний усыг шавхан зайлуулж байгаа нь ус ашиглалт гэж үзээд төлбөр төлж байгаа. Ойролцоогоор 30 орчим барилга хөрсний ус шүүрүүлж байгаа гэсэн мэдээлэл байна” гэв.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө