Ирэх долоо хоногийн эхээр хүйтний эрч суларна

Ирэх долоо хоногийн эхээр хүйтний эрч суларна

Өнөөдрөөс эхлэн Мягмар гараг хүртэл /2026.01.11-13/ хугацаанд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 12-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Улз, Халх голын хөндийгөөр, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас, энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 12, 13-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1…-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.