Б.Наранхүү: Шинэ жилийн баяртай холбоотойгоор осголт, хөлдөлт, хүнд зэргийн гэмтэл нэмэгдэж байна

Б.Наранхүү: Шинэ жилийн баяртай холбоотойгоор осголт, хөлдөлт, хүнд зэргийн гэмтэл нэмэгдэж байна

Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцээд албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлдэг. Үүнийг дагаж осголт, гэмтлийн тоо өсөж, ГССҮТ ачаалал нэмэгддэг гэхэд буруудахгүй. Тэгвэл энэ асуудал энэ жил ч давтагдаж байна. Иймд, иргэн танд сэрэмжлүүлэх үүднээс  дараах мэдээллийг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотойгоор халтирч унаж бэртэж гэмтэх, осголт, хөлдөлт болон хүнд зэргийн гэмтэл нэмэгддэг байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 онд осголт, хөлдөлтийн улмаас нийт 477 хүн тусламж, үйлчилгээ авсан бол 2025 оны эхний 11 сарын байдлаар 244 хүн ханджээ. Осгосон, гар хөлөө хөлдөөсөн хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 196, эмэгтэй 48 хүн байгаа юм.

Харин энэ сарын эхний 14 хоногт 69 хүн осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс халтирч унах нь түгээмэл. Цаашлаад хоорондоо маргалдах, нударга зөрүүлсэн хүмүүс нэгнээ хүнд гэмтээх зэрэг нь их байгааг эмч, мэргэжилтнүүд тодортгож буй. 

 

Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү "Манай ГССҮТ-д ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь баяр, ёслол ихэссэнтэй холбоотой нэлээн ярвигтай хүнд гэмтлүүд ирж байгаа.  Мөн иргэд шинэ жилийн баяраар өвлийн зузаан гуталтай биш ботинк, лакан гутал, туфли гэх мэтийг өмсдөг. Ингээд нимгэн хувцаслалттай холбоотойгоор мөчдийн осголт, хөлдөлт үүсэх эрсдэл эрс нэмэгдэж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс биеэ хянах чадваргүй болж, гудамж талбайд унаснаас харгалзах хүнгүй осголтод хүрэх асуудал яригдаж байна. Тэгэхээр хэн ч өнөөдөр энэ эрсдэлд өртөж болзошгүй болоод байна. Хэрэв иргэд энэ асуудалд анхаарч, тоо мэдээлэл багассан бол бид сэрэмжлүүлэг бэлдээд ярилцах шаардлагагүй байх байсан. Тэгэхээр бидний согтууруулах ундааны хэрэглээ, баяр ёслолын байдал, хувь хүний биеэ авч явах байдал, хүнлэг чанар, ар гэрт нь хүлээлгэж өгөх зэрэг асуудлууд яригдана" гэлээ.

ЗӨВЛӨМЖ:

  • Бага насны хүүхэд болон асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт ойр дотно хүмүүстээ тавих анхаарал халамжаа сайжруулах
  • Орон нутагт зорчих үедээ автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас хэрэгсэл, хувийн бэлтгэлийг сайтар хангаж явах
  • Осголт, хөлдөлтийн үед дур мэдэн арга хэмжээ авахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Ялангуяа тэмдэглэлт баяр ёслол, Шинэ жилийн баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, хамт олон болон нэгэндээ анхаарал тавих
  • Улирлын байдалд тохируулан дулаан хувцаслахыг зөвлөж байна.