СУРВАЛЖИЛГА: Дугуйтай аялагч Г.Баасансүрэн Италиас Монгол хүрэх хоёр жилийн дугуйн аяллаа найз залуутайгаа эхлүүлжээ

СУРВАЛЖИЛГА: Дугуйтай аялагч Г.Баасансүрэн Италиас Монгол хүрэх хоёр жилийн дугуйн аяллаа найз залуутайгаа эхлүүлжээ

Италиас Монгол хүртэл аялах аяллаа эхлүүлээд байгаа дугуйтай аялагчид болох Дэмаси Фэдэрико, Г.Баасансүрэн нартай ярилцлаа. Италийн иргэн Дэмаси Фэдэрико нь угаас дугуйн аялал хийдэг аялагч нэгэн. Тэрбээр аялж яваад Монголд түр хугацаанд ирээд байхдаа найз охин Г.Баасансүрэнтэйгээ танилцжээ. Харин Г.Баасансүрэн нь багаасаа Монголд төрж өссөн бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард найз залуугийн хамт Тайланд, Малайз зэрэг улсуудаар аялсан нь үнэхээр их таалагдсан тул энэ удаагийн Италиас Монгол хүртэлх аялалдаа гарсан нь энэ. Тэд Монголд 2027 онд ирэхээр төлөвлөсөн бөгөөд урт хугацааны, хүнд хэцүү ч байж болох аялалдаа зориг шулуудан гараад 10 хонож байхад нь бид тэдэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Та хоёр маань анх танилцсан түүхээсээ бидэнд хуваалцаж болох уу?

-Найз залуу маань 2024 оны хавар Монголд ирж байсан. Тухайн үед дугуйтай аялал нь Сингапураас эхлээд Итали орох байсан бөгөөд Монголоор дайраад баруун тийш явах байсан юм. Урт аялал байсан учраас Монголд долоо орчим хоног амрахаар төлөвлөсөн юм билээ. Тэр амралтынх нь хугацаанд бид хоёр анх уулзаж байсан. Тухайн үед жаахан тоглоод “Итали залуучууд гоё хоол хийдэг гэсэн үнэн үү” гээд хэлсэн чинь “би чамд хоол хийж өгч болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд нэг амралтын өдрөөр “юу хийж байгаа юм би чамд хоол хийж өгөх үү” гэхээр нь зөвшөөрсөн чинь өөрөө дэлгүүр орж хамаг юмаа аваад надад резота хийж өгсөн.

Тэр үедээ надад нэг захиа бичээд, модон зүрхтэй зүүлт хийж өгч байсан юм. Би бүр үнэхээр их гайхсан. Дотроо бодохдоо “энэ залуу аялаад явж байгаа юм чинь би аяллынх нь түүхийг сонсоно. Удаан харилцаанд бол орж болохгүй. Улаанбаатараас яваад өгнө. Би ганцаараа үлдэнэ” гээд айдастай байсан юм л даа.

Гэтэл манай хүн захиа өгөөд л “хэрвээ чи болно гэвэл би чамтай үерхмээр байна” гээд би бүр үнэхээр их гайхаж байсан. Түүнээс хойш бид чаталж, намайг ажлаас авдаг болсон. Тэгээд манай хүн Монголд долоо хонох гэж байснаа хоёр сар болоод бид илүү их ярилцаж, танилцсан даа.

-Анх Монголд ирэхэд, найз охиноо анх харахад өөрт тань ямар мэдрэмж төрсөн бол?

-Дэмаси Фэдэрико: Анх Монгол руу Замын-Үүд гэдэг газраар орж ирээд шууд л шоконд орсон. Өмнө нь Монгол шиг өргөн уудам газар нутагтай хэрнээ хоосон тал газар харж байгаагүй болохоор үнэхээр гайхалтай санагдсан. Гэхдээ их хүйтэн, салхитай үе байсан ч хаана ч хамаагүй буудаллаад унтаж болохоор байсан нь, замд таарсан монгол хүмүүс үнэхээр найрсаг хандаж байгаа нь их таалагдсан. Бас Улаанбаатарыг хараад хоёр дахь удаагаа шоконд орсон. Монголчууд нүүдэлчид учраас Улаанбаатарыг ийм том хот гэж үнэхээр төсөөлөөгүй. Гурав дахь шок нь найз охинтойгоо таарсан явдал байсан. Улаанбаатарт хүнтэй уулзана ч гэж төсөөлөөгүй байж байгаад найз охинтойгоо таарсан юм. Тухайн үед Бааскаг хараад шууд татагдсан даа.

-Дугуйтай аялалд гарах талаар шийдсэн тэр үеэс яриагаа үргэлжлүүлье.

-Бид хоёр өнгөрсөн зургаан сард Тайланд явж амарья гэж төлөвлөж байсан юм. Манай найз залуу өмнө нь угаасаа дугуйтай аялал хийдэг байсан. Харин миний хувьд дугуйтайгаа замаар явахдаа ч юм уу айдаг байсан л даа. Тэгээд би тоглоод, “Хэрвээ чи дугуйг нь бариад би ард нь суугаад явж болдог байсан бол би бас чамтай хамт аялмаар байна” гэж хэлсэн чинь манай хүн “хоёр хүний дугуй байдаг шүү дээ” гээд надад зургийг нь үзүүлж байсан.

Тэр үед бид зүгээр амарч байхын оронд Тайландаар дугуйтай аялья гээд ярилцсан юм. Аялалд гарахдаа зүгээр аялж байхаар хүнд хэрэгтэй юм хийе гэж бодсон.

Ноднин өвөл бид хамтдаа Монголд байсан юм. Гэхдээ өвөл утаа үнэхээр хэцүү. Тийм болохоор хоёулаа утаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулья гээд НҮБ-ын хандивын аяны хүнтэй холбогдоод зургаан сард аяллаа эхлүүлээд 9 сар хүртэл явсан.

-Үргэлж ганцаараа аялж байсан бол хоёулаа хамтдаа аялах ямар байсан бэ?

-Дэмаси Фэдэрико: Хоёулаа хамт аялж байгаагийн хамгийн гоё зүйл нь баяр жаргалтай, зовлонтой бүх зүйлээ хуваалцаад хамтдаа байгаа нь гоё. Өмнөх дугуйтай аяллуудаараа дандаа ганцаараа явдаг байсан бол энэ удаа хайртай хүнийхээ хажууд байх учраас санаа зовох зүйлгүйгээр, сэтгэл амар аялаж чадна байх.

-Энэ удаагийн Италиас Монгол хүрэх аяллынхаа маршрутыг хэрхэн гаргасан бол. Мөн ямар улсуудаар дайрч, хэдий хугацааг зарцуулахаар төлөвлөсөн байгаа вэ?

-Бид Италиас арванхоёрдугаар сарын 7-нд гарсан. Миний визний асуудал, хүйтэн асуудал зэргийг харгалзаж үзээд аяллынхаа маршрутыг гаргасан.

Эндээсээ бид Хойд Макидон, Косово, Серби зэрэг балканы орны улсуудаар тавдугаар сар хүртэл явна. Тавдугаар сараас эхлээд Унгар, Чех, Польш, Румын, Болгар, Турк орно. Турк нэлээд том учраас бараг хоёр сар болох байх. Тэгээд Гүрж орно. Тэндээсээ Каспин тэнгисийг урдуур нь юм уу, хойгуур нь тойроод, дараа нь станы улсуудаар тойроод Монголдоо очно. Монголд бараг 2027 оны хавар очих болов уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Дугуйгаа хэрхэн бэлдсэн болон юу юу авч явж байгаа талаараа хэлж болох уу?

-Дэмаси Фэдэрико: Хоёр хүн нэг дугуйтай явах учраас ачаа жаахан асуудалтай байгаа. Нийт 70-80 кг орчим ачаатай. Гал тогооны хэрэгслүүд байгаа. Бензинээр ажилладаг жижиг аяллын зуух, аяга, шанага зэрэг сав суулга, хоёр хүний жижиг майхан, хоёр мишок, гудас зэрэг зүйлс авч явж байгаа. Мөн дөрвөн улиралд өмсөх хувцас, камер, дрон, цэнэглэгч, дугуйгаа засах хэрэгсэл авч явж байна. Дугуй маань 30 кг, ачаа 80-аад кг, бид хоёр өөрсдөө 100кг орчим байгаа учраас ойролцоогоор 300 кг-ыг жийж хөдөлгөнө гэсэн үг. Замдаа жаахан тураад, ачаа багасах болов уу гэж бодож байгаа.

-Аялалдаа гарахаас өмнө айж, эмээж байсан зүйл байсан болов уу?

-Аяллын хамгийн хэцүү зүйл нь гаднын иргэдтэй хэл нэвтрэлцэхгүй байх явдал байдаг. Мөн суурин амьдрал буюу өөрийн дадсан амьдралын хэмнэлээс гарахад хэсэгтээ хэцүү байдаг ч хэд хоноод аялалдаа дасчихдаг. Өндөр уул ч юм уу бэрхшээлүүд гарах байх. Гэхдээ галзуу, эрсдэлтэй зүйлсийг бол бид хоёр хийхгүй.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Гэр бүлийнхэн маань маш их дэмждэг, бас бид хоёрыг жаахан галзуу гэж боддог байх. Гэхдээ гаднаа бол үнэхээр сайн дэмждэг. Түүнээс гадна замд таарсан хүмүүс бид хоёрыг дэмжиж, маш их урам өгдөг. Ер нь л олон хүний тусламжаар явж байгаа юм шиг санагддаг даа. Бид хоёр өөр өөр улсуудын соёлтой танилцаад, та бүхэнтэйгээ хуваалцаад явах учраас пэйж, юүтүб хуудсыг дагаарай гэж хүсмээр байна. Бид хоёр энэ жил жижигхэн хандивын аян явуулаад утааны асуудлыг шийдэхэд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулна гэж бодож байна. Ирэх өвөл бүр том хандивын аян явуулахаар төлөвлөж байгаа. Тийм учраас бид хоёрын аяллыг дэмжээд хамт байгаарай.