Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авсан байсан талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Тодруулбал, "Энэ сарын 3-ны өдөр салсан найз охин маань миний хувийн мэдээллийг ашиглаж нэр бүхий аппликэйшнээс надад хэлэхгүйгээр зээл авсан байна" гэх гомдол цагдаагийн байгууллагад ирснээр, шалгаж байгаа аж. Мөн сүүлийн үед дансаа түрээслүүлэх зар мэдээлэл цахим орчинд ихээр тавигдаж байна. Тус үйлдэл нь тухайн дансны эзэмшигчийг гэмт хэргийн холбогдогч болох нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлтэй.
Иргэд өөрийн болон гэр бүлийн хувийн мэдээллийг бусдад ашиглуулах дамжуулах тохиолдол их. Үүнд иргэний үнэмлэх, бичиг баримт, дансны дугаар, цахим хэтэвч, цахим хаягууд зэрэг багтана. Тиймээс өөрийн дансны дугаар утасны дугаар болон бусад хувийн мэдээллийг илэрхийлэх зүйлсийг бусдад шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.