Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас /2025.12.08/ огцом нэмэгдэж, түгжрэлээс үүдэлтэй иргэдийн бухимдал өндрийг авсан. Энэ түгжрэлийг зохиомлоор үүсгэсэн байж болзошгүй гэж олон нийт хардаж байгаа. Учир нь гурван өдрийн нам түгжрэлийн араас буюу пүрэв гарагт нийслэлийн удирдлагууд “Замын хөдөлгөөнд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах эсэхээр санал асуулга авах” тухай шийдвэрийг гаргасан.
-Х.НЯМБААТАРЫН ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААГ ХЗДХ-ИЙН САЙД, ЦЕГ-ЫН ДАРГА, НИТХ-ЫН ДАРГА ГЭЭД ИХЭНХ АЛБАН ТУШААЛТНУУД МЭДЭЭГҮЙ БАЙНА-
Ингээд пүрэв гарагийн 22:00 цагаас өчигдөр оройны 18:00 цаг хүртэл гуравхан өдөр санал асуулгыг явуулж, нийт 6544 хүний саналыг авсан байна. Үүний 3420 иргэн тэгш, сондгой дугаараар зорчихыг дэмжсэн учир "Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 52 хувь дэмжлээ" хэмээн дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд 1.7 сая хүн амтай хотын иргэдийн 3000 гаруй хүний саналыг авчхаад түүнийгээ 50+ гэж үзэн үлдсэн 1.6 сая 600 мянган хүний ажил, амьдралыг шийдэх шийдвэрийг ийнхүү гаргажээ.
Хамгийн ноцтой нь Хотын дарга Х.Нямбаатар уг шийдвэрийг гаргахдаа дураар загнаж, хэнтэй ч зөвлөлдөөөгүй нь зарим мэдээллээс тодорхой болж байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг НИТХ-ын дарга А.Баяр ахалдаг. Гэтэл тэрбээр ч түүний эл шийдвэрийг гаргах гэж буйг мэдээгүй аж.
Өөрөөр хэлбэл, түүний эл шийдвэрийг хоёр орлогчоос нь бусад нийслэлд ажилладаг хүмүүс мэдээгүй байна. Тэр бүү хэл Х.Нямбаатар шийдвэрээ албажуулаагүй мөртлөө амаар чиглэл өгснөөс болж өчигдөр буюу амралтын өдрийн орой Тээврийн цагдаагийн албанаас “Энэ сарын 15-ны өдрөөс 31-нийг дуустал улсын дугаарын тэгш, сондгой дугаараар зорчуулна” гэх гэнэтийн мэдэгдлийг олон нийтэд түгээж, зорчих хуваарийг танилцуулсан байна. Үр дүнд нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дүн өвлийн хүйтэнд алхаж ажил амьдралаа зохицуулахтай нүүр тулсан иргэд л бухимдаж үлдэв.
-ТЭРБЭЭР ТАТВАР НЭМСЭН Ч ИРГЭДИЙГ ӨВӨЛ АЛХУУЛСААР -
Х.Нямбаатар нь 2025 онд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосон атлаа замаа өргөтгөөгүй, давхар зам тавиагүй, уулзвар гарцуудыг нэмээгүй. Татварыг ингэж нэмсэн ч иргэдийг машин унуулахгүйн тулд бүх талаар шийдвэр гаргаж ажилласан байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” гэж мэдэгдэн дээрх шийдвэрийг цуцалсан байна. Харин өнөөдөр Х.Нямбаатар хариу ямар үйлдэл үзүүлэх нь анхаарал татаж байгаа юм.
-ШАТАХУУНЫ ХОМСТОЛООС ҮҮДЭЛТЭЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШАХАЛТ БАЙСАН ГЭХ МЕССЕЖИЙГ ӨГҮҮЛЖ ЭХЛЭВ-
Энэ бол Х.Нямбаатарын хууль, журмыг мөрдөхөө больтол “томорсоны”, хүний эрхийг асуудал гэж тоохоо больсны жишээ юм. Өнгөрсөн жилийн өвөл ч тэрбээр энэ шийдвэрийг гаргаж, иргэдийг хүйтэнд алхуулж, зутрааж байлаа. Харин энэ удаа түүний шийдвэрт Засгийн газар ч нөлөөлсөн гэх мэдээллийг Нийслэлийн захиргааны төв байраас явуулж байна.
Тодруулбал, өнгөрсөн сараас тасалдсан шатахууны хомстол цаашид ч үргэлжлэх магадлалтай учир богино хугацаанд дээрх шийдвэрийг Х.Нямбаатараар гаргуулсан гэх мессежийг нийгэмд өгүүлж байна.
Ямартай ч тэрбээр гэнэт шийдвэр гаргаж, түүнийгээ баталгаажуулаагүйгээс болж олон хүнийг хөлдөө чирж буй бөгөөд үүндээ Засгийн газрыг буруутгах аястай байна.