Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Хүүхдийн 100” орчимд байрлах “Cante” гэх шөнийн клубийн гадна 2025 оны долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон бүлэг зодоонд оролцсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
Прокуророос дээрх зодооны хэрэгт холбогдсон Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Д.Саяннямбуу нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл буюу "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах", рүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл буюу "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах", 20.16 дугаар зүйл буюу "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" гэсэн зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Зодооны хэрэгт холбогдсон дээрх нэр бүхий хүмүүс нь хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж. Бид тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлэх болно.