УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Прокурорт албадан ирүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаа нь өөрийг нь хуулийн байгууллагаас шалгаж байгаа хэргийг улс төртэй холбон тайлбарлаж, "Дуудсан газар нь "гутлаа тослоод" очно" гэдгээ цахим сүлжээгээрээ дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр "Энэ өдрүүдэд Бразил Улсын Белем хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн талуудын 30 дугаар бага хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож явна. Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр, сошиал харлуулалт эрчимжээд эхэлж. Хулгайч хүн хулгайгаа нуухдаа бусдыгаа "хулгайч" болгон шошголдог.
Томилолтоо амжилттай дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно оо.
Эцэст нь үнэн л ялдаг гэдэгт итгэсээр байна. Надад нуух хаах зүйл үгүй. Төр, түмнийхээ төлөө шударга дуугарч ажилласныхаа хариуд нь "ах нар"-ынхаа дарамт, шахалт, улс төрийн хорны золиос болдгийг тод томруунаар мэдэрч байна. Албан тушаал, эрх мэдлээрээ залуучуудаа нухчин дарахын оронд тулгамдсан олон асуудлууддаа анхаарвал дээр сэн. Та хэд улс төрийн хор найруулаад сууж байхад цаана чинь дэлхий гэрлийн хурдаар хөгжиж байна" хэмээжээ.