Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлаар иргэн О.Отгонтөгстэй ярилцлаа.
ВИДЕО:
"Х.БУЛГАНТУЯА, П.САЙНЗОРИГ НАР ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БОЛДОГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ХАРУУЛЛАА"
-УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах талаар гаргасан шийдвэрийнхээ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хүмүүс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцсэн ТББХ-ны хуралдааныг бүгд үзсэн байх. Засгийн газрыг огцрох ёстой хэмээн УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнээс эхлээд маш олон гишүүн шаардаж байсан. Гэтэл ТББХ-ны хуралдаанаар “Та Засгийн газрыг огцрохыг дэмжих үү” гэхэд бүгд дэмжээгүй. Огцрохыг хүсэж байсан хүмүүсийн гаргасан энэ үйлдлээс л бүх зүйл эхлэлтэй. Хэрэв тэр үед үнэхээр Засгийн газрыг огцруулмаар байсан бол зүгээр бүгд дэмжээд, УИХ-д оруулж ирсэн бол энд ямар нэг процессын алдаа гарахгүй байх байлаа. Гэтэл ТББХ-ны хуралдаан дээр дэмжихгүй гэчихсэн атлаа УИХ-ын чуулган дээр “Дэмжихгүйг дэмжих үү” гэдэг саналын буруу томьёолол оруулж ирсэн нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.
Энэ үйлдэл Үндсэн хуулийг зөрчиж болдог юм байна гэдгийг харууллаа. Иргэн нэг халаасны хулгай хийсэн байвал ял нь шууд ирдэг. Гэтэл Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэр гэдэг бол Үндсэн хуулийн шүүх. Тэр гаргасан шийдвэрийг хуулийн байгууллага нь таг, чиг. Өнөөдрийн Монгол улсын өрөвдөлтэй байдал нь энэ.
Яагаад арга хэмжээ, хариуцлага тооцохгүй байгаа юм бэ гэхээр гомдол гаргаж өгөөгүй гэж тайлбарласан. Тийм учраас би энэ асуудлыг эцэслэ, УИХ-ын гишүүн гаргасан үйлдэлдээ хариуцлага хүлээ хэмээн гомдол гаргасан. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг прокурор, шалгах ёстой газар нь шалгуулахын тулд Тагнуулын Ерөнхий газарт гомдол гаргах шаардлага гарсан юм.

-Та гаргасан гомдлынхоо агуулгын талаар.
-Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүх гэдгийг дахиад тодотгоё. Тус байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл байсан уу. Тэгвэл тэр шийдвэрийг л шалгаж, тогтоож, хариуцлага хүлээлгэхийг шаардаад байгаа юм. Яагаад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаа юм бэ гэдэг асуудал хамгийн чухал. Энгийн иргэн байсан бол аль хэзээний хариуцлагаа хүлээчихнэ шүү дээ. Цаашлаад нэр бүхий эдгээр гишүүд бол зөвхөн гар хөл нь. Тэдний ард хэн байгаа вэ гэдгийг шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж буй.
"П.САЙНЗОРИГИЙН НЭГ ГАРЫН ҮСЭГ НЬ 360 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРСЭН"
-УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь огцруулсан. Энэ шийдвэрээрээ хариуцлага тооцсон гэж үзэж байх шиг байна. Энэ асуудалд таны байр суурь.
-Энэ бол хариуцлага тооцсон хэлбэр биш. Тэр эрх дархтай ганц хүнийг албан тушаалаас нь буулгалаа гээд хангалтгүй. Хамгийн өрөвдөлтэй нь Х.Булгантуяа Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан дээр “Би хууль мэдэхгүй, өмгөөлөгч авъя” гээд байж байна. УИХ-ын дэд дарга гэдэг бол хууль батлах дээд байгууллагыг удирдан, зохион байгуулах хүн. Тэгэхээр энэ хүн хуулиа мэдэх ёстой. Би энэ асуудалд заавал хариуцлага тооцохыг шаардаж байна. УИХ-ын гишүүн П.Сайнзориг ч мөн адил хууль зөрсөн байна лээ. “Тавантолгой” компанийн БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллаж байсан юм. Ингэхдээ Бортээгийн орд дээр тендер авсан “Админерал”-ын түншлэлийн нэг компани болох Монголиан Контракт Майнинг сервис ХХК-д хууль зөрчин, 170 тэрбумын тендер олгосон нь шүүхээр тогтоогдож байсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Нэг гарын үсэг нь 360 тэрбум төгрөг хүрсэн байна. Мөн л шалгахгүй байна. Гэтэл одоо Үндсэн Хуулийн Цэц рүү нулимаад байж байна. Харин нөгөө талд өнөөдөр нийгэмд багш, эмч нарын жагсаал, ажил хаялт гээд олон асуудал байна. Энэ болгон ардаа улс төржилттэй байгаа. Хамгийн их сонгууль өгдөг хүмүүс бол төрийн албан хаагчид. Гэтэл тэд яагаад өнгөрсөн зургаан жил цалин гэж огт ярьсангүй вэ. Гэтэл 100 хоног ажилласан Г.Занданшатарын Засгийн газарт гэнэт цалингаа нэмэхийг шаардана гэдэг маш утгагүй. Би Г.Занданшатарыг огт өмөөрөөгүй шүү. Зүгээр бодит байдал ийм байна. Ганц баярлаж байгаа ганц зүйл нь нүүрсний асар их гэрээнүүдийг албаны нууцаас гаргалаа. Яг энийг ярихаар л янз бүрийн асуудал гаргаж ирээд байна.

"Г.ЗАНДАНШАТАР НҮҮРСНИЙ АСАР ИХ ГЭРЭЭГ АЛБАНЫ НУУЦААС ГАРГАСНААС ХОЙШ НИЙГЭМД ОЛОН АСУУДАЛ ҮҮСЛЭЭ"
-Хэрэв УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол та хэрхэх вэ?
-Эхлээд би процессын хувьд ажиглах гээд байгаа юм. Хуулийн байгууллага шалгахгүй байвал асуудал хуулийн байгууллагат ирнэ гэсэн үг. Хуулийн байгууллага хариуцлага тооцчихоод байхад УИХ нь авч үлдэх гээд байвал том асуудал. Өөрсдөө ашиг сонирхлоороо нийлцэн хүмүүс гэсэн үг. Гаргасан гомдолтой холбоотойгоор энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх байх. Монгол Улс бол хууль, дүрэмтэй. УИХ гишүүн байна уу, иргэн байна уу огт хамаагүй. Бүгд ижил тэгш эрхтэй байх ёстой.

-Таны гаргасан энэ үйлдлийг иргэний үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу?
-Би сая НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Ер нь нийгэмд оролцоотой байдаг. Хүн бүр эрх тэгш байх ёстой, хүний эрхийг хангах ёстой зэргээр үргэлж дуу хоолойгоо өргөж ирсэн. Тэр үүднээсээ л хуулийн байгууллагат хандсан.
"АСАР ТОМ НҮҮРСНИЙ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ НЬ Х.БУЛГАНТУЯА, П.САЙНЗОРИГ НАР"
-Таны энэ гаргасан үйлдлийн цаана ямар нэгэн эрх ашиг байгаа юу гэх хардлага нийгэмд байна.
-Иргэн хүнд ямар эрх ашиг байх вэ. Би зүгээр л “Дабл стандартгүй” нийгэмд амьдрахыг хүсэж байна. Хэрэв тэд Үндсэн хуулиа зөрчиж болдог юм бол бид захирагдаж амьдрах хэрэг байхгүй биз дээ. Хамгийн эмгэнэлтэй нь хуулийн байгууллага. Дөрвөн жил ирээд идэж уугаад буцдаг УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ Үндсэн хууль зөрчсөн гишүүд бол зүгээр л нэг гар хөл нь. Үүний ард Харбин улсад хийсэн нүүрсний асар том гэрээ явж байна. Ухаалаг утастай хүн болгон өнөөдөр дэлхийн зах зээл дээр хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг хараад мэднэ. Өнөөдөр гэхэд тонн тутам 109 доллароор зарагдаж байна. Гэтэл Харбинд хийсэн гэрээний дүн тонн тутам 50 доллароор тооцсон. Бид өнөөдөр энэ нүүрсний гэрээнээс тонн тутам 60 доллар алдаж байна. Энэ шийдвэрийг үр дүнг иргэд л амсана. Гавьяаг нь Харбинд гэрээ хийгээд “Ёндоогоо” авсан хүмүүс л авна шүү дээ. Яг ийм асуудал ярьж байхад өөр асуудал буюу Үндсэн хуулийн цэц, Оюутолгойн гэрээ яриад байгаа юм. Тэр гэрээ бол 2009 оных шүү дээ. Яагаад Л.Оюун-Эрдэнийн засагласан он жилүүдэд ярихгүй байсан бэ. Л.Оюун-Эрдэнэ улсаа худалдчихсан шүү дээ. Асар том нүүрсний бүлэглэлийн гар хөл нь Х.Булгантуяа, П.Сайнзориг.