Амьдралынхаа бараг бүх цаг хугацаанд бүжгийн спортоор хичээллэж, олон мянган шавь нар төрүүлж, бүжгийн спортын гайхамшгийг биеэрээ үлгэрлэн харуулж буй МУСТА, Бүжигчин Д.Дамбатай ярилцлаа. Хэдий 80 нас хүрэх гэж буй ч тэрээр бүжгийн спортын гайхамшгийг харуулж, одоо ч бүжиглэсээр явна. Өнгөрсөн зун гэхэд тэр ээр Даншиг наадамд бүжиглэсэн юм.
ВИДЕО:
-Та юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д.Дамба гэдэг. Би 1948 онд Хөвсгөл аймагт айлын ганц охин болж төрсөн. 77 настай бүжигчин хүн байна. Дөнгөж гүйдэг байхдаа л аавтайгаа Улаанбаатар хотод нүүж ирсэн юм билээ. Түүнээс хойш нийслэлдээ амьдарч байна.
-Бүжгийн спорттой хэдэн онд яаж холбогдож байсан бэ?
-Би 1966 онд Цэргийн ансамбльд туслах бүжигчнээр орж байсан түүхтэй. Энэ бол миний бүжгийн спорттой холбогдох болсон эхлэл. Тухайн үед Цэргийн ансамблийг Монгол Ардын Хувьсгалт цэргийн ансамбль гэдэг нэртэй байсан. Тэгээд 1991 онд тэтгэвэртээ гарчхаад Түмэн эх чуулгад 1996 он хүртэл ажилласан байдаг. Дараа нь 1996-2015 он хүртэл Үндэсний батлан хамгаалах их сургуульд бүжгийн багшаар ажилласан түүхтэй. Харин түүнээс хойш хорооны ахмадуудтайгаа бүжиглээд л бужигнаад л явж байна даа.
-Та 18 наснаасаа мэргэжлийн бүжигчний гараагаа эхлүүлсэн ч арван жилийн сурагч байхдаа бүжиглэдэг л байсан байх.
-Тийм. Биднийг бага байх үед орны урд хөшиг байдаг байсан шүү дээ. Тэр хөшгөө нээгээд л өөрийгөө зарлаад дуулж, бүжиглэж өслөө. Миний өргөж авсан ээж Хилийн цэргийн ансамбльд уртын дуучин байсан. Ээжийгээ дагаад л гүйж явж байгаад урлагийн салбарт дуртай болчихсон санагддаг.
-Таны энэ хананд байгаа зураг өөрийн эрхгүй нуд булаагаад байх юм. Энэ үед та хэдэн настай, ямар бүжгийн дараах зураг вэ?
-Зууны манлай бүжиг дэглээч, Ардын жүжигчин Ц.Сэвжид багшийн маань “Гурван хүүхний биелгээ” бүжгийн дараах зураг. Энэ өмссөн хувцас бол анхны хувцас. Хамгийн анх “Гурван хүүхний биелгээ” бүжиг энэ хувцастай тайзан дээр тавигдаж байсан гэсэн үг. Тухайн үед 1966 оны бид нар чинь шинэ цэргүүд байлаа шүү дээ.
-Мэдээж, олон мянган удаа тайзан дээр гарсан шүү дээ. Хамгийн нандин цаг үе нь хэзээ байв.
-Дуурийн театрын н.Пүрэвжав балетчин байсан юм. Тэр хүн надад анх удаа надад гоцлол бүжиг дэглэж өгсөн юм. “Жигмэд Тогмид хоёр” гэдэг бүжиг бол миний анхны миний гоцлол номер болж байсан. Тэр мартагддаггүй.
-Таныг харахад маш хөнгөн шингэн юм. Ер нь өвддөг хууч бий юу?
-Ер нь хөдлөхгүй бол өвдөх гээд байдаг. Харин хөдлөөд байвал зүгээр. Гэхдээ ер нь гайгүй дээ. Хүн чинь хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг чинь үнэн. Өдөрт багадаа 10 минут хөнгөн дасгал хийдэг. 60 гарсан хүмүүс тэгж , ингэж өвдлөө гээд байхаар гайхдаг. Тэр бол хөдөлгөөний дутагдал.
-Таны бас нэг онцлог бол бүжгийн хувцас хэрэглэлээ өөрөө оёдог юм билээ. Ямар ямар бүжгийн хувцас оёсон байна вэ?
-Нэг тоглолтод орох бүртээ чуулга руу гүйгээд байх хэцүү. Тэгээд өөрөө би хувцсаа хийж эхэлсэн. Торгууд, Казах зэрэг зөндөө л хувцас оёсон байна. Хамгийн гол нь өөрөө хийхдээ илүү баяжуулж, гоё болгож хийх гэж хичээдэг. Энэ жил Даншиг наадамд оролцож бүжиглэсэн. Ингэснээр Даншиг наадамдаа хоёр дахь жилдээ бүжиглэсэн гэсэн үг.
-Таны гоо зүй, биеэ авч явах гээд үлгэр дуурайлал авахаар сайхан юм. Энэ бүгд бүжгийн спортоор олон жил хичээллэсний үр дүн байх.
-Тийм. Бүжгийн минь ач. Энэ спорт надад тэсвэр тэвчээр, эрүүл мэнд, гоо зүй, хамт олон гээд маш олон зүйлийг өгсөн. Бүжиг маань байгаагүй бол өдийд ямар байх байсныг ч таашгүй.
-Таныг хөл бөмбөгийн спортын хорхойтон гэж сонслоо. Хэдэн жил хөл бөмбөг догдлон үзэж байна вэ?
-Тийм. Хөл бөмбөгийн спортыг хорхойсож үзээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Дэлхийн аваргаас эхлээд л үзнэ шүү дээ. Өмнө нь хөл бөмбөгийг үзүүлдэг телевиз цөөн байлаа. Би Испанийн багийг дэмждэг. Тэр дундаа Барселоно. Тэгээд тамирчдыг нь маш их дэмждэг. Криштиану Роналду бол гайхамшигтай байна шүү дээ.