“Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам” энэ сарын 15-21-нд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Тус наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагч, 3,258 тамирчинд спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.
Багийн нийлбэр дүнгээр 23 алт, 14 мөнгө, 35 хүрэл медаль хүртсэн амжилтаар Орхон аймаг тэргүүлж, 17 алт, 12 мөнгө, 21 хүрэл медалийн амжилтаар Дархан-Уул аймгийн баг удаалсан бол гутгаар байрт 9 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж зохион байгуулагч Баянхонгор аймаг эзэлжээ. Энэхүү наадам нь 64 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй.