Маргааш /2025.09.14/ УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх ажилдаа орно. Ирэх онд улсын төсвөөс 14 аймагт нийт 297 тэрбумын санхүүгийн дэмжлэг буюу төсвийн алдагдлыг нь нөхөх зорилгоор татаас олгохоор тусгасан байна. Энэ нь 2025 оныхоос 1.7 дахин бага дүн. Хамгийн өндөр татаастай аймгуудад Хөвсгөл 40.7 тэрбум, Завхан 39.3 тэрбум, Увс 37.8 тэрбум гэхчлэн тэргүүлж буй. Тэгвэл Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун байр сууриа цахим хуудастаа илэрхийлжээ.
Тэрбээр "Дундговь аймагт өчүүхэн бага төсөв тавьсан хэмээн өрөвдөж байгаа та бүхэндээ талархлаа. Зүй нь бол өрөвдөх биш баяр хүргэх ёстой юм. Аймгууд өөрийн суурь зардал буюу төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, байр, байгууламжийн урсгал засвар, цахилгаан, дулаан, усны төлбөр, заавал төлөх бусад урсгал зардал, засварын ажлуудыг өөрийн орлогоор санхүүжүүлээд хүрэлцээгүйгээ улсаас татаас хэлбэрээр авдаг. Бусад шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нь улсын төсөв, яамдын төсөвт суудаг юм. Тэгэхээр Дундговь аймаг 2026 онд татаас дэмжлэг хамгийн бага авч байгаа аймаг бөгөөд өөрийгөө санхүүжүүлдэг Өмнөговь, Эрдэнэт, Дорноговь зэрэг аймгуудын араас өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг аймаг болоход ойрхон байна гэсэн үг юм. Дундговь аймаг улсын төсвөөс 2021 онд 10.4 тэрбум, 2022 онд 14.6 тэрбум, 2023 онд 14.1 тэрбум, 2024 онд 27 тэрбумын дэмжлэг авч байсан бөгөөд зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаагаа улсаас 2025 онд 19,3 тэрбумын дэмжлэг авахаар байсан боловч 2025 оны төсвийн тодотголоор орлогоо давуулан биелүүлж 19,3 тэрбумын татаасаа улсад буцааж өгөөд, нэмж улсад 1,6 тэрбумыг төвлөрүүлж, дэмжлэг авдаг биш төвлөрүүлдэг аймаг болсон юм. Бид цаашдаа улсын төсвөөс хараат бус, бие даан өөрийгөө санхүүжүүлдэг, давсан орлогоороо хөрөнгө оруулалт хийдэг аймаг болох зорилго тавиад, зорилгодоо хүрэхийн тулд хувийн хэвшил, ААН-үүд, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн биднийг өрөвдөх биш бидэнд баяр хүргэх ёстой юм шүү" гэжээ.