Ж.Чинбүрэн: Манай улсад тарваган тахлын вакцин байхгүй

Ж.Чинбүрэн: Манай улсад тарваган тахлын вакцин байхгүй

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Хөвсгөл аймагт гарсан тарваган тахалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Цагаан-Уул суманд гарсан тохиолдын холбогдогч иргэн Э эмнэлгээр явахдаа тарваганы мах идсэн гэдгээ хэлсэн боловч тарваганы түүхий маханд хүрсэн гэдгээ хэлээгүй. Үүнээс болоод оношлогоо нь удааширсан. Биеийн байдал нь бүр муудсаны дараа ар гэрийнхэн нь тарваганы түүхий маханд хүрсэн гэдгийг нь хэлснээр онош батлагдсан. Тарваган тахал ямар ноцтой гэдгийг иргэд мэднэ. Гэхдээ илүү мэдээлэл, ойлголттой байх хэрэгтэй байна. Тарваган тахал нь уушгины болон булчирхайн гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Уушгины хэлбэр нь амьгалын замаар халдварладаг учраас хурдан тарахдаг. Хөвсгөл аймагт гараад байгаа хоёр тохиолдол нь хоёулаа булчирхайн халдвар. Гэхдээ анхны тохиолдол нь хүндрээд амьсгалын аппратанд орсон учраас амьсгалын хэлбэрт шилжсэн. Тиймээс ноцтой гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, бусад аймагт халдвар тарахсан тохиолдол бүртгэгдээгүй.

Тарваган тахлын эсрэг вакцин гэж бий. Энэ вакциныг манай улсад зөвхөн эрсдэл өндөртэй голомтод амьдарч буй иргэдэд хийдэг. Гэхдээ сүүлийн үед вакцингүй байгаа. 2025 онд тарваган тахлын вакцин нийлүүлэх тендер зарлаад нэг ч аж ахуйн нэгж оролцоогүй. Тарваган тахлын вакциныг зөвхөн ОХУ, Украинд үйлдвэрлэдэг. Манай тендерийн шаардлага нь өндөр. ДЭМБ-ын шаардлагад нийцсэн байх ёстой гэж үздэг. Гэтэл ОХУ, Украин ДЭМБ-аар вакцинаа баталгаажуулах ажлаа тэр бүр хийдэггүй юм байна. Бас 6-10-хан мянган ширхэг вакцин оруулж ирэх тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгж алга. Цаашдаа байнга вакцинтай байхад анхаарна. Гэхдээ вакцин байлаа ч 100 хувь хамгаалдаггүй. Энэ өвчин гарахгүй байхад вакцин өндөр үр дүнтэй нөлөөлдөг бол улс орнууд ДЭМБ-ын шаардлагад нийцсэн вакцин гаргана. Тахлын голомт цөөхөн хэдэн улсад байдаг учир цөөхөн улс орон вакциныг нь дотооддоо ашиглах зорилгоор үйлдвэрлэдэг" гэв.