Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүх нар “Яаралтай дархлаажуулалт” нэрийн дор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн "Hester biosciences limited" компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нар нь “Яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай гэрээ байгуулж, 2018-2020 оныг хүртэл хугацаанд нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, улмаар 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан болон мөнгөний эх үүсвэрийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, З.Батсүх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож өөртөө 2 тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.