Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагааг энэ сарын 11-ний /2025.09.11/ өдөр зохион байгуулахаар товложээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг ийнхүү зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Ташрамд өгүүлэхэд, Богдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3000 жилийн тэртээгээс улбаатай бөгөөд Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больжээ. Харин 1994 оноос хойш хэд хэдэн удаа Цэцээ гүнийг тахиж эртний ёс горимыг нь сэргээсэн байна.