Боловсролын яам сургууль, цэцэрлэгүүд сандал ширээгүй байгаа асуудалд Нийслэлийг буруутгав

Боловсролын яам сургууль, цэцэрлэгүүд сандал ширээгүй байгаа асуудалд Нийслэлийг буруутгав

Энэ онд нийслэлийн хэмжээнд 22 цэцэрлэг, 17 сургууль шинээр ашиглалтад орсон. Гэсэн ч сандал, ширээ, тоног төхөөрөмжгүй 12 цэцэрлэг, 11 сургууль хичээлийн шинэ жилээ угтаж буй асуудлыг бид сурвалжлан хүргэж байсан билээ. 

Тодруулбал, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд зориулж Боловсролын сайдын багцад 32,4 тэрбум төгрөг суулгасан ч тэд тендерээ хугацаанд нь зарлаж чадаагүй учраас 11 тэрбум төгрөгөө эргэн татуулсан байдаг. Үүнийг нийслэлийн удирдлагууд, УИХ-ын гишүүд ч баталж, Боловсролын сайд П.Наранбаярыг шүүмжилсэн. Гэтэл Боловсролын яам өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засах бус нийслэлийн холбогдох байгууллагуудыг буруутгажээ.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулга “Асуудал хоёр талтай. Улсын төсөвт суулгаж, шинээр баригдаж буй сургууль цэцэрлэгийн мэдээллийг журмын дагуу нийслэлээс бидэнд хүргүүлээгүй. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар тоног төхөөрөмжид шаардлагатай 13 тэрбум төгрөгийг түрээслэх болон бусад замаар шийдвэрлэнэ” гэх байр суурийг илэрхийлсэн байна.