Ж.Баярмаа: Нам доторх ялзарлыг цэвэрлэж, нам шиг нам болгохын төлөө АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн

Ж.Баярмаа: Нам доторх ялзарлыг цэвэрлэж, нам шиг нам болгохын төлөө АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн

Ардчилсан намын ҮБХ-ны хурал эхэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тус намын даргын сонгуульд өрсөлдөх болсон талаараа өчигдөр /2025.08.28/ зарласан. Тэрбээр хурал эхлэхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “АН ардчилалтай гэдгээ илэрхийлэх гэж хэн бүхэнд нээлттэй байх ёстой. Хэн бүхэн АН-д ороод манлайлж чадах юм бол ҮБХ-ны гишүүд нь дэмжээд гаргах хэрэгтэй. Энэнд буруу зүйл байхгүй. Гэхдээ манай улс хууль цаазтай. АН гэдэг айл өрх өөрийн гэсэн дүрэм журамтай. Тэр дүрмээр бол дөрвөөс доошгүй жил Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллах ёстой. 2023 оны АН-ын даргын сонгууль энэ хуулиа баримталсан. Тэгэхээр хэн нэгэнд зориулж дүрмээ өөрчлөх үү эсвэл бүх хүнд нээлттэй байх уу гэсэн сонголт дээр ирээд байна. Энэ бол Үндэсний бодлогын хорооны эрхийн асуудал. Ялагдана, хожигдоно гэж ямар ч тамирчин, улс төрч тэмцээнд оролцдоггүй. Миний хувьд ялна гэж АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байна. Монгол улсад болж бүтэхгүй зүйл маш их байна. Нийгэм, эдийн засаг гээд маш хүнд асуудал олон байна. Энэ асуудлуудыг улс төрийн намын төлөөллүүд шийдвэрлэх ёстой. Тэгэхээр улс төрийн намуудын нөлөөлөл их. Улс төрийн намуудаа шинэчлэх хэрэгтэй байна. Миний үндсэн зорилго бол нам дотроо шинэчлэл хийж, шударга бус асуудлыг өөрчлөхийн төлөө ажиллана. Удирдлагаас маш их зүйл шалтгаална” гэв.