ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оноолоо

ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оноолоо

ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг шүүх анхан шатны шүүх хурал болж, шүүгдэгч нарт торгох ял оноолоо.

Тодруулбал, ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан гэх хэрэгт холбогдсон байдаг. Улмаар прокуророос дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 17.4 зүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг өчигдөр /2025.08.27/ хэлэлцээд ХААИС-ийн захирал асан Т.Хэрүүгаг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Харин дэд захирал асан Ж.Батчулууныг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасан, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.