АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхлэх гэж байна. Энэ үеэр тус намын дарга Л.Гантөмөр сэтгүүлч нарт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр АН-ын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал болж байна. Хурлаар гурван асуудлыг хэлэлцэнэ. Улс төрийн намын дагуу намын дүрмийн зарим нэг өөрчлөлтийг хийх үүрэгтэй. Мөн намын мөрийн хөтөлбөрийг баталж, дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Намын даргын сонгуулийг явуулах чиглэлийг Үндэсний бодлогын хороонд хүргүүлсэн. Миний бие үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй өнөөдөр албан ёсоор гаргана. Намын даргыг сонгох журам бий. Журмын дагуу сонгуулийг явуулна. Эрх барьж байгаа МАН-аас манай нам дээгүүр рейтингтэй байгаа. Намын дарга бол үнэнчээр ажиллах, хоёр нүүргүй, шударгаар ажиллах хүн хэрэгтэй. Хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ажил оногдож байна. Хамгийн гол нь ухаалаг, ард түмний талд зогсох даргыг сонгож чадна гэж итгэж байна. Би ямартай ч таван хувийн рейтингтэй намыг хүлээж авч байсан. Харин өнөөдөр би МАН-аас илүү рейтингтэй энэ албаа хүлээлгэж өглөө. Ямартай ч намаа хуваасангүй, алдаж асгалгүй хүлээлгэж өглөө. Хэн нэгэнд хавчилт шахалт үзүүлж байгаагүй. Өөртөө байгаа үүргээ нэр төртэй биелүүлсэн. Манай нам хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан бол намын дүрмээ батлаад өнгөрсөн 11 дүгээр сард гэхэд намын даргын сонгуулиа хийх төлөвлөгөөтэй байсан юм. Гэхдээ бид урагшлах ёстой” гэв.