Монголын намрын улс төрийн амьдрал удахгүй халах төлөвтэй байна. Тухайлбал, өнөөдөр /2025.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдаж, Л.Гантөмөрийн намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авч, Үндсэн дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэнэ. Улмаар энэ долоо хоногийн Ням гараг /2025.08.31/-т ҮБХ нь дахин хуралдаж, АН-ын шинэ дарга, Үндсэн дүрмийн өөрчлөлтөө батлах төлөвтэй байна.
Харин АН-ын удирдлага, дүрмийн өөрчлөлтийн дараа МАН-ын Бага хурал, Их хурал хуралдаж, намын даргын асуудлаа хэлэлцэж магадгүй байна. Иймд улс төрийн энэхүү үйл хөдлөлийг угтсан уулзалтууд ч МАН дотор өрнөж байгаа бололтой. Тодруулбал, өчигдөр /2025.08.27/ Их тэнгэрийн аманд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны үе, үеийн удирдлагуудтай Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй тус намын удирдлагууд уулзаж, "хамт шүү" гэдгээ илэрхийлсэн байна.
Харин Их тэнгэрт болсон НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудын уулзалтад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар хүрэлцэн ирж, оролцоогүй байна.
Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны тэргүүний албан тушаалыг хашиж байсан бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч тус холбооны гишүүн байсан гэдэг. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "МАН-ын дараагийн даргад Ерөнхий сайд Г.Занданшатар нэр дэвших бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч түүнтэй өрсөлдөнө" гэх мэдээллийг өгч байгаа юм. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд олны өмнө ил гараагүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны facebook хуудастаа, "Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг…" гэсэн мэдээллийг нийтэлжээ.