Ц.Туваан АН-ын даргаас нэрээ татаж "О.Цогтгэрэлийг дэмжих"-ээр болж, нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгийн даргын марафон эхэлжээ

Ц.Туваан АН-ын даргаас нэрээ татаж "О.Цогтгэрэлийг дэмжих"-ээр болж, нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгийн даргын марафон эхэлжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ долоо хоногийн Пүрэв гараг /2025.08.28/-т зарлагдаад байгаа бол намын Их хурал нь Ням гараг /2025.08.31/-т болох гэж байна. Эдгээр хурлаар АН-ын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон. 

АН-ын дотоод зохион байгуулалт гэдэгт Л.Гантөмөр намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудал багтаж байгаа бөгөөд тэрбээр, энэ сарын 22 /2025.08.22/-ны өдөр болох охиныхоо хуримын дараа ҮБХ-ны хурлаа зарлаж, ажлаа өгнө гэдгээ уламжилсан гэдэг. Энэ дагуу АН-ын хурлууд Л.Гантөмөрийн охины хуримын дараа зарлагдаж байна. 

-НҮХТЭД БОЛСОН "НЭГ МОНГОЛ" ФРАКЦЫН УУЛЗАЛТААР О.ЦОГТГЭРЭЛ, Ц.ТУВААН НАР ТОХИРЧЭЭ-

Тэгвэл АН-ын даргад гишүүдээ өрсөлдүүлэхээр тус намын фракцуудын хурал өдөр дараалан болж байгаа сурагтай. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын анх үүсгэн байгуулсан Нэг ардчилал буюу "1A" фракцынхан Тэрэлжид очин хуралдаж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг АН-ын даргад нэр дэвшүүлж, дэмжихээр болсон байна.

Мөн өнгөрөгч Пүрэв гараг /2025.08.21/-т Ц.Туваан, Н.Ганибал нарын үүсгэн байгуулсан "Нэг монгол" фракцынхан Нүхтэд байрлах нэгэн газар цуглаж хурлаа хийсэн байна. Тус хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл оролцсон бөгөөд энэ үеэр Ц.Туваан "АН-ын даргад өрсөлдөнө" гэдгээ мэдэгдсэн тул О.Цогтгэрэл хурлыг орхиж явжээ. 

Харин О.Цогтгэрэлийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал дахин авчирч, түүнийг Ц.Туваантай хэсэг хугацаанд уулзуулжээ. Үүний дараа Ц.Туваан АН-ын даргад өөрөө нэр дэвшихгүй, харин О.Цогтгэрэлийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна. 

АН-ын "Нэг монгол" фракцын уулзалт. 2025.08.21-ны өдөр

АН-ын 1970 оны залуус багтдаг "Од" фракцынхан цуглаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмааг намын даргад нэр дэвшүүлье гэдгээ эхний байдлаар тохирсон байна. Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан гэнэт л АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ Баасан гараг /2025.08.22/-т мэдэгдсэн байна. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцад харьяалагдана гэдэг ч, тус фракц АН-ын ҮБХ-нд 50 орчим гишүүдтэй, саналд жин дарахгүй, цөөнхөд орж байгаа аж. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас МоАХ-ны ихэнх гишүүд нь "зайгаа авч", хурлаа ч хийхээ больжээ. Иймд Л.Мөнхбаясгалангийн АН-ын даргад өрсөлдөнө гэх мэдэгдлийг зүгээр л "тайзан дээр гарах" гэсэн улс төрийн акц хэмээн дүгнэж байна. 

-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН ДАРГЫН ТӨЛӨӨХ МАРАФОН ЭХЭЛЖЭЭ-

Энэ бүх өрсөлдөөнөөс УИХ-ын гишүүн, УИХ дахь бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдох магадлал өндөр байгаа аж. Харин бусад фракцуудын хувьд АН-ын даргад өрсөлдөх байдлаар "тайзан дээр гарах", мөн АН-ын Дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх, улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд фракцаасаа хүн дэвшүүлэх гээд хэтийн амбицдаа хөтлөгдөж байгаа аж. 

Тухайлбал,  О.Цогтгэрэл АН-ын дарга болсон тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөх ёстой. Иймд дараагийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга болохоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нар идэвхитэй явж байгаа аж.

Тэд саяхан "АН-ын ҮБХ-ны хурлыг хуралдуулах"-ыг шаардсан долоодугаар сард цуглуулсан 168 гишүүний гарын үсгийг "шаардлага" болгон амь оруулж, намын даргын төлөөх улс төрийн акцыг эхлүүлсэн. Мөн өнгөрөгч долоо хоногт болсон "Нэг монгол" фракцын уулзалтын үеэр "Фортуна"- Н.Батбаярын охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан АН-ын даргад эсвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа ч уламжилсан байна. Улмаар "Хийморь" фракцаас УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Б.Пүрэвдорж ч, АН-ын даргаар О.Цогтгэрэл болбол УИХ дахь АН-ын бүлгийн даргад өрсөлдөх хандлагатай байгаа ажээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө