Нэг ойтой хүүхдийг "Уйллаа. Дуугүй байсангүй" хэмээн хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд гарсан билээ.
Тэгвэл тухайн хэргийг шүүх хурал болж, шүүгдэгч 61 настай Л.Пүрэвсүрэнд 14 жилийн хорих ял оноосон байна.
Тодруулбал, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн нь 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн шөнийн 03:00-05:00 цагийн орчимд Төв аймгийн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт байрлах айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай (10 сар 28 хоногтой) эмэгтэй хүүхдийг “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан, бага насны хүүхдийг алсан гэх гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ. Улмаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Л.Пүрэвсүрэнд 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.