Монгол, Лаосын гадаад харилцааны сайд нар хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх болов

Монгол, Лаосын гадаад харилцааны сайд нар хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх болов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан нар 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.

Сайд нар Монгол, Лаосын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ирэх он жилүүдэд шат ахиулан хөгжүүлэхийн төлөө байгааг онцолж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тухайлбал, хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Энэ хүрээнд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхийн чухлыг онцолж, Лаос Улсын Вьентьян хот болон БНХАУ-ын Кумминг хотыг холбосон төмөр замаар дамжуулан Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудын зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байгааг тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх хууль эрх зүйн орчин бүрдсэн зэргийг онцлов. Мөн хоёр улсын аялал жуулчлал хөгжсөн бүс нутаг, аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоож, монголын үзэсгэлэнт байгаль бүрдсэн аймгууд болон Лаосын Луангпрабанг муж, Ванг Виенг муж зэрэгт аялал жуулчлалын хөтөлбөр зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын их, дээд сургуулиудад олон арван лаос оюутнууд чанартай боловсрол эзэмшиж байгааг тэмдэглэж, цаашид ч энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Сайд нар НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.