Даваа гараг /2025.08.18/-т АН-ын зарим гишүүн Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 168 гишүүний гарын үсэг бүхий тус хорооны хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг О.Амгаланбаатарт гардуулсан бол мөн тус намын зарим гишүүд хэвлэлийн хурал хийж, "АН-ын дарга, ЕНБД, Дэд дарга нарыг чөлөөлөх шаардлагатай" гэж мэдэгдсэн.
Харин үүний дараа АН-ын дарга Л.Гантөмөр тус намын Улс төрийн зөвлөлийн хурлаа өнөөдөр /2025.08.20/ зарлах шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр АН-ын байранд хуралдсан тус намын Улс төрийн зөвлөлийн хурлаас "энэ сарын 28 /2025.08.28/-нд ҮБХ-ны хурлын зарлаж, улмаар маргааш нь буюу энэ сарын 29-нд Намын Их хурлаа товлосон" байна. Ирэх долоо хоногт болох АН-ын ҮБХ, Их хурлаар Л.Гантөмөр АН-ын даргын ажлаа өгөхөөр болжээ.