Богдхан уулын Өгөөмөрийн аманд тарвага агнахыг завдсан этгээдийг энэ сарын 19-ний өдөр Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илэрүүлж, байгаль орчны улсын байцаагч буу сумыг нь хурааж авчээ.
Хууль бусаар ан агнахыг завдсан этгээд болох Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р багийн харьяат Н овогтой Н нь мотоциклынхоо улсын дугаарыг авч хөдөлгөөнд оролцож гэмт хэргээ нуун дарагдуулахыг оролджээ.
Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралын 2025 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шуурхай хурал дээр өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош тоолох, мөн мануул, үнэг, хярс зэрэг амьтанд тавьсан урхи шалгах хяналт шалгалтын ажлын хүрээнд амьтан агнах үйлдлийг таслан зогсоож, хууль сахиулах ажил үргэлжилж байна. Хамгаалалтын захиргааны зүгээс иргэдэд маш их анхааруулж, холбогдох хууль, тогтоомж сурталчилж байгаа боловч хориотой ан агнах, агнахыг завдсан хэрэг гарсаар байна.