Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалах яамнаас тавьсан хүсэлтийн дагуу дэд хурандаа Б.Батцэнгэлээр ахлуулсан “Сургалтын хөдөлгөөнт бүлэг” тус улсад ажиллаж, энхийг сахиулагчдад сургалт орлоо.
Сургалтаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх “цэргийн багийн ажиллагаа”-ны өмнөх сургалтыг зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэж, дадлагажуулах юм. Сургалтын хөтөлбөрт НҮБ-ын сургалтын үндсэн зарчмууд, тавигдах шаардлагууд, сургалтын арга хэлбэрүүд, онолын болон ажиллагааны газар оронд үүсч болох бодит цагийн байдалд ойртуулсан дадлага сургалтыг зохион байгуулах аргачлал, цэргийн багт тавигдах үүрэг гүйцэтгэлтийн стандарт зэрэг агуулга багтсан байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос энхийг сахиулах ажиллагааны сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд манай сургагч багш нарын удирдан явуулдаг “НҮБ-ын Цэргийн ажиглагч офицерын дамжаа”, “НҮБ-ын цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт”-уудыг НҮБ Магадлан итгэмжилсэн байдаг. Энэ үйл явдал нь манай Зэвсэгт хүчний хөгжлийг олон улсын хэмжээнд илтгэн харуулж буй бас нэгэн онцлог түүхэн үйл явдал гэдгийг салбарынхан онцолж байна.