МАН-ын Бага хурал яг одоо хуралдаж байна. Уг хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох юм. МАН-ын Удирдах зөвлөл өглөө хуралдаж, ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжсэн. Мөн заалнаас Г.Тэмүүлэн гишүүн өөрийгөө нэр дэвшүүлсэн. Яг одоо санал хураалт явагдаж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг, "Бага хурлын үеэр Г.Тэмүүлэн гишүүн өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Нийт гурван хүнийг нэр дэвшүүлсэн байсан. Нэг нь нэрээ татаад одоо хоёр хүн дээр санал хураалт явуулах гэж байна. Бага хурлын гишүүд багцлагдсан зүйл огт байхгүй. Бага хурлын 39 хүн асуулт асууж, тэр бүрт нь нэр дэвшигчид хариулт өглөө. Бага хурал өмнө нь АН-тай хамтрахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэр шийдвэр хэвээр байгаа. Б.Амарбаясгалан дарга парламентад хийх ажил их байгаа учраас, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад энэ ажлаа л хийх нь зүйтэй гэж үзээд нэрээ татсан. Гишүүд гол нь эдийн засгийг их ярьж байна. Иргэдийн нуруун дээрх татварын ачаалал зэргийг бууруулах асуудлаар бодит хариулт өгсөн. Намын даргын асуудал хурал дээр огт яригдаагүй" гэлээ.